Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, April 7, 2010

Заль мэхнээс болгоомжил

2006 оны  9 сард ДМ сонинд гаргаж байсан материалаа одоо ч гэсэн хэрэгтэй байх гээд оруулж байна.  2006 оноос хойш заль мэх улам нарийсч нэлээд төрлүүдээр нэмэгдсэн гарцаагүй билээ. Эдгээрээс миний сонсож мэдсэнээр хамгийн ойрхон гарсан заль мэхүүдүүд тооллоготой холбогдож улсын байгууллагаас явуулж байгаа маягтай хуурамч захиа, имэйл илгээх замаар хүмүүсийн нийгмийн даатгалын дугаар зэрэг хувийн мэдээллийг авах, тооллого явуулж  байгаа census-ийн ажилтнуудыг орлож мөн хувийн мэдээллийг авах, эсвэл мөнгө төлөхийг шаардах, энэ тэнд гарсан байгалийн осол, гамшгийг далимдуулж өөрсдөдөө хандивийн мөнгө авах, янз бүрийн улсын байгууллагын нэрийн өмнөөс, тухайлбал IRS буюу татварын газрын өмнөөс элдэв имэйл явуулж мөн л төлбөр төлүүлэх эсвэл хувийн мэдээллийг чинь цуглуулах гэх мэт. Ямар ч тохиолдолд хувийн мэдээлэл, үүний дотор нийгмийн даатгалын дугаар, банкны карт, дансны дугаар зэргээ утсаар, имэйлээр өгөхгүй байх хэрэгтэй.

Шинэ газар анх ирэхэд урьд нь учирч байгаагүй, танил биш, ойлгож мэдэхгүй олон зүйл тохиолддог. Ийм тохиолдолд зарим хүмүүс учрыг нь олох гэж өөрсдөө туршиж үзэн алдаа гаргаж их, багаар хохирох нь бий. Тэгвэл доорх мэдээлэл танд цаашдаа тус болно гэж найдаж байна.

1. Хожил уу, Scam уу,
“Та ихээхэн мөнгө хожлоо. Та хожлоо өөрийн болгохын тулд яаралтай энэ утсаар ярих хэрэгтэй…” иймэрхүү үгтэй захиа авч үзсэн биз дээ. 1 сая, 100 000 доллар гэхчилэн томоор бичсэн тоог хараад өөрийн эрхгүй хөөрөх сэтгэл төрнө. Америкт ийм үгтэй захиаг ихэнх хүмүүс хүлээн авдаг. Sweepstakes компаниас хүмүүс байсхийгээд л ийм захиа хүлээж авдаг. Sweepstakes гэдэг нь нэг төрлийн сугалаа бөгөөд үүнд оролцохын тулд ихэвчлэн урьдчилж явуулсан кардыг дугтуйд нь хийгээд буцаан илгээхэд л хангалттай байдаг.

Гэвч хожих магадлал нь үнэхээр бага боловч алдах юм байхгүй тул ихэнх хүмүүс кардыг буцааж илгээдэг. Гэхдээ үнэхээр хожил бий юу? Мэдээж зарим нь үнэн. Тэгвэл яагаад тэд бид нарт юу ч хийгээгүй байхад мөнгө тарааж өгөх гээд байна вэ? Sweepstakes нь тэдгээр компаниудын хувьд өөрсдийн бараагаа /жишээ нь сэтгүүл, сонин/ сурталчлах боломжг өгдөг байна. Гэвч зарим нь бид нарын нэрлэдгээр хулхиных байх бий тул ирүүлсэн захиаг нь маш нягт унших хэрэгтэй юм билээ.

АНУ-ын Засгийн газраас гаргасан тооцоогоор хүмүүс жилд 1 биллион гаруй долларыг “Scam” буюу уран аргаар таны мөнгийг авах залинд алддаг гэжээ.
- Та хурдан шийдвэр гаргахгүй бол уг шагнал хүчингүй болно
- Та манай азтан боллоо. Харин бэлгээ авахын тулд зөвхөн шуудангийн зардлыг л явуулах хэрэгтэй.
- Та хожлоо! Шагналаа авахын тулд дараах утас уруу залгаарай.
- Та үнэгүй амралт хожлоо. Гагцхүү та үйлчилгээний мөнгөө л төлөхөд хангалттай.
Дээрхийн адил утга бүхий захиа, email, утасны яриатай тулгарвал маш болгоомжтой байгаарай. Эдгээр хүмүүст банкны кардын дугаар, Social Security Numberээ өгч болохгүй юм. Түүнчлэн зарим хүмүүс тэд нараас юм худалдаж авбал сугалаанд хожих магадлал нь ихсэх байх гэж ойлгон хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авах, сэтгүүл сонин захиалах нь бий. Гэвч Sweepstakes-ийн талаарх хуульд зааснаар иймэрхүү сугалаанд оролцохын тулд ямар нэгэн зүйл худалдаж авах, мөнгө зарцуулах албагүй гэнэ.
Sweepstakes компаниудаас “no purchase necessary буюу худалдаж авах шаардлагагүй” гэдэг үгийг том үсгээр бичсэн байхаас гадна хожих магадлалын хэмжээг дурьдсан байхыг хуулиар шаарддаг юм байна. Таньдаг америкчуудаасаа иймэрхүү захианы талаар асуухад ихэнх нь “Амьдралд үнэгүй юм гэж байхгүй шүү дээ, зүгээр л хогийн сав уруу хийчихдэг” гэж хариулцгаасан юм. Үнэхээр бид нарт юу ч хийгээгүй байхад хэн мөнгө өгөх вэ дээ. “There is nothing free in life” буюу амьдралд зүгээр юм олдоно гэж байхгүй билээ.

2. Шахалт-худалдаа
Дөнгөж сайхан амрах гээд суутал гэрийн утас дуугарлаа. Автал хэн нэг нь утасны үйлчилгээ зарах гээд дуржигнаж гарлаа. Эхний үед иймэрхүү утасны дуудлага ирэхээр англиар сонсож ярих сайхан боломж гэж үзэн чадах чинээгээрээ яриаг үргэлжлүүлэх гэж оролддог байсан бол сүүлийн үед аль болох эелдгээр би таныг ойлгохгүй байна, уучлаарай гээд утсаа таслах болсон билээ.
Иймэрхүү худалдааны газрууд жилд дунджаар 100 сая айлууд уруу залгалт хийдэг гэнэ. Телемаркетер гэж нэрлэгддэг тэдгээр худалдаачид автомат залгагчийн тусламжтайгаар хэдэн зуун айлууд уруу нэгэн зэрэг залгалт хийж чаддаг бөгөөд танд илүү сайн утасны үйлчилгээ, телевизийн кабел, DSL, сэтгүүл, амралтын пакет зарах гэж оролддог. Зарим үед тэд хэт залхмаар байдаг биз? Тэгвэл бид дараахь зүйлийг хийж болох юм байна. 2003 онд Америкийн Засгийн Газраас “Do Not Call” үндэсний бүртгэлийн системийг /https:www.donotcall.gov/ бий болгожээ. Та бүхэн дээрхийн адил дуудлага хүлээн авахгүй байхыг хүсвэл уг бүртгэлд өөрийн 3 хүртэлх тооны утасны дугааруудаа /гар утасны дугаараа ч гэсэн/ утсаар эсвэл онлайнаар бүртгүүлэх хэрэгтэй. Уг бүртгэлд орсон утас уруу бүртгүүлснээс нь хойш 5 жилийн хугацаанд телемаркетерууд залгалт хийхийг хуулиар хориглосон байдаг ажээ. Гэсэн ч хандив гуйгчид, улс төрийн байгууллагууд болон тантай бизнесийн холбоотой ажилладаг банк зэрэг газруудын хувьд хориг байхгүй тул тэднээс та дуудлага авч магадгүй. Хэрэв тэднээс утасны дуудлага авбал дахин утастахгүй байхыг хүсэх хэрэгтэй. Таны хүсэлтийн дараа тэднийг дахин залгалт хийхийг нь мөн хуулиар хоригложээ. Түүнчлэн “Do Not Call” системд бүртгүүлснээс хойш үйлчилж эхэлтлээ 3 сар хүртэл хугацаа шаардагддаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй байхаа.

Үүнээс гадна дараах аргуудын хэрэглэж болох юм. Үүнд:
Утсандаа Caller ID авч хаанаас дуудлага ирж байгааг харах. Тэдгээр байгууллагуудын утасны дугаар нь ихэвчлэн 1800-гаар эхэлсэн байдаг тул утсаа авахгүй байж болно. Мөн тэд хэзээ ч мессаж үлдээдэггүй.
Та утасныхаа компаниас “privacy manager” буюу дугаараа мэдэгдэхийг хүсээгүй дуудлагыг илрүүлдэг үйлчилгээг байгаа эсэхийг асууж мэдээд, байдаг бол авах хэрэгтэй. Тэгвэл утасны дугаараа далдалсан дуудлаганд таны утас дугарахгүй байх болно.
Хэрэв та уг худалдааг сонирхохгүй бол яриагаа аль болох хурдан дуусгахыг хичээх. Гэхдээ ярилцагч телемаркетерт муухай аашлах хэрэггүй бөгөөд тэрээр зөвхөн бидний адил амьдрах гэж л ажлаа хийж байгаа гэдгийг ойлгоорой.
Хэрэв та уг бараа үйлчилгээг худалдан авахыг хүсвэл хаанаас ярьж байгааг нь баттай мэдэхгүй бол банкны картын дугаараа өгч болохгүй шүү.

Дээрхээс гадна америкчуудын нэрлэдгээр High Pressure Meeting буюу дарамтан дахь уулзалтын талаар дурьдах нь зүйтэй байх. Ихэвчлэн аялал жуучлалын компани, амралтын өрөө болон condo зардаг байгууллагууд уг уулазлтыг зохион байгуулдаг. Тэд тан руу утастаж “Та манай байгуулагаас явуулсан сугалаанд азтан боллоо” гэж мэдэгдээд тодорхой цаг товлон бэлгээ ирж авахыг хүсдэг. Ингээд урхинд орж ирсэн хүмүүст нэг нэгээр, эсвэл бүлгээр сурталчилгаа хийж хүсээгүй худалдан авалтыг нь хийлгэхээр ятгаж гарна даа. Тэдгээр худалдаачид үнэхээр чадварлаг “мэргэжлийн” тул ийм уулзалтаас ихэнх хүмүүс бодож хүсэж байгаагүй зүйлээ худалдаж аваад хямд гарын бэлэгтэй гэр өөдөө буцах нь элбэг билээ.

Хэрхэн ямар аргаар таны утас, хаяг тэдний гарт ордог вэ? Эдгээр компаниуд нь мэдээлэл зардаг байгуулагуудаас хэрэглэгчдийн утас, хаяг, мөн түүнчлэн таны жилийн орлогын хэмжээг хүртэл агуулсан жагсаалтыг худалдаж авдаг. Харин зар сурталчилгаа, мэдээллийн компаниуд нь судалгаа, сурталчилгааны аргаар хүмүүсийн мэдээллийг цуглуулдаг. Жишээ нь тэд анкет өгөөд бөглөвөл үнэгүй бэлэг өгнө, сугалаанд оролцуулж машин хүртэл хожуулна /mall дотор гоё машин тавиад хожихыг хүсвэл анкет бөглөөрэй гэх сурталчилгааг сонссон биз дээ/ гэх мэт аргыг хэрэглэж таны тухай мэдээллийг авдаг. Түүнчлэн дэлгүүр, бизнесийн байгууллага бүр өөрийн гэсэн хэрэглэгчдийн мэдээллийн сантай бөгөөд тэдгээр байгууллагын кардыг авах, бараа бүтээгдэхүүний бүртгэл хийлгэх бүрт өөрийнхөө тухай мэдээллээ бичихийг шаарддаг. Анкет бөглөхийн тоогоор тэд хэрэглэгчдийн мэдээллийн сангаа арвижуулж, цуглуулсан мэдээлэлдээ дүгнэлд хийж, зорилтот зах зээлээ тодорхойлж, зар сурталчилгааны хэлбэрээ сонгож ажилладаг ажээ.

3. Spam
Та бүхэн аяллын пакет, үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг ятгасан, нэг жилийн хугацаанд коллежийн диплом өгөхийг амласан имэйл хүлээж авч байсан биз дээ. Иймэрхүү биднийг хүсээгүй байхад бидэнд ирдэг, элдэв зар сурталчилгаа бүхий имэйлийг “spam” гэр нэрлэдэг. өөрөөр хэлбэл junk захианууд болон телемаркетин утасны дуудлагын электрон хэлбэр нь гэсэн үг юм. 2002 онд 260 биллион spam илгээгдсэн бол жилийн дараа 2003 онд 4.9 триллион болтлоо өссөн байна.
Микрософт компанийн үндэслэгч Билл Гэйтс spamыг имэйл экосистем дэх бохирдол гэж нэрлэжээ. Spammerууд /spam явуулдаг хүмүүс, байгууллага/ хэд хэдэн арга хэрэглэж таны имэйл хаягийг олдог. Та ямар нэгэн зүйл онлайнээр худалдаж авах үедээ имэйл хаягаа онлайн компанид үлдээдэг. Spammerууд онлэйн компаниудаас имэйл хаягуудыг худалдаж авдаг. Түүнчлэн тэд чат өрөөнүүд, мэдээллийн самбар, мэдээллийн группуудээс имэйл хаяг хайдаг. Мөн spammerууд өөрсдөө имэйл хаягуудын жагсаалтыг бусад spammerууддаа зардаг ажээ.

Spammerууд биднээс юу хүсдэг вэ? Тэд биднээс мөнгө л авахыг хүсдэг нь мэдээж. Эдгээрийн ихэнх компаниуд нь боломжгүй хуурамч зүйл рекламддаг. Жишээ нь 10 хоногийн дотор 50 паунд гээнэ гэх мэт. Гэвч ихэнх хүмүүс spamыг уншилгүйгээр шууд устгадаг байхад spammerууд имэйл илгээсээр байдаг вэ? Учир нь маш бага хувь нь уншихаар барахгүй бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авдаг аж. Триллионы маш бага хувь гэдэг нь бас л их мөнгө болно шүү дээ. Флорида мужийн нэгэн spammer богино хугацаанд маш их мөнгө хийж бизнесээ 135 саяд зараад 37 насандаа тэтгэвэртээ гарсан байна. Тэгвэл spamаас хэрхэн зайлсхийх вэ? Үүнд:

Та зүгээр л шууд устгаж болно.
Та анти spam программ худалдан авч суулгаж болно. /Зарим интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэрэглэгчдэдээ үнэгүй программ санал болгодог/
Онлэйн худалдаа хийхдээ хэрэглэдэг тусдаа имэйл хаягтай болох. өөрийн чинь хувийн имэйл хаягийг захиа бичдэг дотны хүмүүс чинь мэддэг байхад хангалттай юм.
Вэб хуудас дээр нэмэлт мэдээлэл авахыг хүсч байгаа эсэхийг чинь асуусан асуулгыг үгүй гэж бөглөхөө бүү мартаарай.
Түүнчлэн онлайнээр худалдаа хийхдээ уг санал нь зөвхөн таны тухай хувийн мэдээллийг авах зорилготой биш хууль ёсны байгаа эсэхийг сайн магадалж үзээрэй. Юуны түрүүнд өөрийн худалдаа хийж сурсан сайтнаасаа худалдаагаа эхэлж байх хэрэгтэй бөгөөд уг вэб сайтын хаяг ямар нэгэн үгийн утга илэрхийлэхгүй бол хувийн мэдээллээ өгөхөөс болгоомжлох хэрэгтэй хэмээн Америкийн өмгөөлөгчдийн Нэгдлийн /American Bar Association - АВА/ Cyberspace Law Commettee тэргүүлэгч Вэнсэнт Поллей хэлж байна. АВА нь www.safeshopping.org сайтаараа худалдан авагчдад онлайнээр хэрхэн найдвартай худалдаа хийх талаар маш сайхан зөвлөгөөнүүдийг өгдөг юм байна. Хэрэв та урьд нь худалдаа хийж байгаагүй сайтаасаа юм худалдаж авах гэж байгаа бол дараахь зүйлсийн дагуу бага зэргийн судалгаа хийхийг зөвлөж байна.
Вэб хаяг нь өөрийн чинь тийм байх болов уу гэж хүлээж байсан хаяг байгаа эсэхийг анхаараарай. Үүнд ихэвчлэн дэлгүүрийн нэрийг агуулсан байдаг билээ. Жишээ BestBuy дэлгүүрийн вэб сайт bestbuy.com хаягтай байх гэх мэт.
Шуудангийн биш Физик хаягийг нь шалга. Мөн дурдсан утас нь ажиллаж байгаа эсэхийг нь утасдаж шалгаж болох юм.
Зөвшөөрлийн логог нь шалга. Better Business Bureau болон TrustE байгууллагууд нь онлайн худалдаачдад зөвшөөрөл олгож хэрэглэгчдэд найрсаг бизнэс эрхэлж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тус байгууллагууд нь гишүүнийн эрхийг хасах замаар хуурамч үйл ажиллагаа явуулсан сайтуудыг хаадаг.
Хэрэв та нэг л итгэлгүй байвал ВВВ /www.bbb.org/ хэрэглэгчдийг хамгаалах группууд эсвэл мужийн агентлагуудын сайтуудаас тухайн сайтад гомдол гаргасан эсэхийг шалгаж болох юм.
Онлайн худалдаа хийхдээ кредит кардаа ашиглаж бай. өөрийн банкны данснаас мөнгө гаргаагүй тул арай л илүү хамгаалагдахаас гадна ихэнх кредит кардны компаниуд интернэтээр зальдуулсан хэрэглэгчдэдээ мөнгийг нь буцааж төлөх баталгаа гаргадаг.

4. Infomercials /information + commercial
Биеийн тамирын дасгалын хэрэгсэл дээр булчин шөрмөс болсон залуу, эсвэл гоё сайхан биетэй бүсгүй инээмсэглэн ажиллаж бид хэрэгслийг нь худалдаж аваад гэртээ хэрэглэвэл маш л амархан бөгөөд хөгжилтэй байдлаар турж өөрсөд шиг нь гоё болж болохыг амлах ажээ. Хэдийгээр жин хасах нь үнэхээр хүнд хүчин зүтгэл, цаг хугацаа шаарддагийг бид мэддэг ч өөрийн эрхгүй магадгүй ч юм болов уу гэж эргэлзэхэд хүрдэг. Бид тиймэрхүү амьдралыг маань “сайжруулна, дээшлүүлнэ” гэж гоё амласан бүтээгдэхүүнүүд сурталчилсан нэвтрүүлэгтэй олонтаа тааралддаг. Infomercials гэж нэрлэгддэг эдгээр нэвтрүүлгүүдэд мэргэжилтэнүүд, алдартай хүмүүс оролцож мэдээлэл, зөвлөгөө өгдөг тул нь Үнэхээр үнэн мэдээлэл бүхий ТV шоу мэт санагдуулж биднийг үнэмшихэд хүргэдэг билээ. Эдгээр нь бусад телевизийн шоунуудын адилаар 30 минут орчим үргэлжлэх төдийгүй рекламын завсарлага хүртэл хавчуулах тул бид жинхэнэ шоутай андуурах дөхнө. Infomercials нэвтрүүлгүүдээс хурдан хугацаанд “туранхай”, “баян”, “гоё сайхан, царайлаг” болгох, үсийг минь ургуулах, тураах мэт амлалт бүхий эдгээр бараа бүтээгдэхүүн нь жинхэнэ амьдрал дээр бидний үзсэн шиг тийм үр дүн гарахгүй байх нь олонтаа тул авахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна.

1 comment:

  1. Bayaraa heregtei, onovchtoi saihan zuiluudiig bichij taniltsuulj baigaad mash ih bayarlalaa.Chinii tsaashdiin ajild amjilt hysej ulam ih medeeleliig bidendee ogch baihiig hysei .......

    ReplyDelete