Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, February 9, 2012

Америкийг хөндлөн туулсан аялал III хэсэг

Мэдээ оруулсан Цэрэндорж   
Лхагва, 19-10-2011 20:42




Capital Reef NP, Dead Horse State Park /Utah/.


Ютагийн Үндэсний дархан газрууд /National Park/ дотроос хүн хамгийн цөөн очдог паркт Capital Reef ордог бөгөөд Bryce паркаас All American Road буюу байгалийн үзэсгэлэнт 12-р хурдны замаар Grand Staircase-Escalante National monument болон Dixie National Forest уулан дундуур явсаар 24-р замаар салж хүрдэг юм. Анхны суурьшигч Мормонуудад энэ хүрэх замд тээглэх хад асгууд хөл тээглэдэг далайн ёроолын өвөрмөц тогтоц болох “coral reef”-ийг, Navajo Sandstone-ийн хадны цагаан оройнууд нь Вашингтоны Capitol-ыг санагдуулж байсан тул ийнхүү нэрлэсэн байна. Харин уугуул Америкчууд /Индианчууд/ уг паркийг “Унтаж буй солонгын нутаг” /The Land of the Sleeping Rainbow/ гэж нэрлэдэг байжээ. Энд тэндхийн газар нутгийн уугуул Америк нэр нь илүү сонсголтой, утга төгөлдөрийн дээр эртний түүх домогт үндэслэн билэгдэлтэйгээр өгсөн байдаг нь Монгол хүн надад шууд хараад өгсөн нэрнээс илүүтэй сэтгэлд бууж явлаа. 

Үзэх гол зүйлс:
- Аялагчдын төв /visitor center/. Паркийн тухай кино, мэдээлэл, газрын зураг, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр.
- Waterpocket Fold. Энэ нь нэг тал нь эгц хавцал, нөгөө тал харьцангуй хавтгай хадан давхарга болох Monocline гэж нэрлэгддэг байгалийн өвөрмөц хаднуудаас тогтох 100 бээр үргэлжлэх Waterpocket Fold-ын гол хэсэг нь Capitol Reef паркаар өнгөрдөг. Аялагчдын төвөөс холгүй зайнд The Castle, Capitol Dome, Chimney Rock, Gooseneck, Egyption temple нэртэй хаднуудыг үзэх боломжтой. 
- Fruita Historic District. 1800 оны сүүлчээр Мормонууд анх энд сууршижээ. Тэдэнтэй холбоотой түүхт байшингууд тухайлбал сургуулийн байр, дарханы байшин зэргийг үзэж болно.

- Scenic Drive. Энэхүү замаар явахдаа хаана зогсож юу үзвэл зохилтойг уг паркын сайтад http://www.nps.gov/care/planyourvisit/scenicdrive.htm тодорхой өгүүлсэн байгаа, эсвэл газрын зургаа хараад тэмдэглэсэн газруудыг үзээд явахад болно. Энэ зам Ripple Rock Nature Center-ээс эхлэх бөгөөд засмал, шороон зам нийлсэн 12 бээр /mile/ замаар явахад ирж буцах нийлээд 2 цаг орчим зарцуулагдана гэж тооцоолоорой. 
- Жимсний цэцэрлэг. Waterpocket Fold хавцлууд нь ус тогтоох байгалийн “хармаан” болж байсан нь анхлан суурьшигч Мормонуудад жимс ногоо тарих боломжийг өгчээ. Одоо уг паркийн ажилчид алим, лийр зэрэг олон төрлийн жимсийг ургуулж байна. Уг жимсний хүрээлэнд та дуртай жимсээ түүж идэж болох бөгөөд харин авч явах тохиолдолд мөнгө төлөх хэрэгтэй болно. Ямар саруудад, ямар төрлийн жимс түүхэд бэлэн болдог талаар аялагчдын төвөөс эсвэл вэб сайтаас нь мэдээлэл аваарай.   

Цаг байгаа бол:
- Хэрэв уг парк уруу 12-р хурдны замаар явж байгаа бол зам дагуу болон Dixie National Forest, Boulder зэрэг ойн модон, хотгор газар, уул хадан дахь үзэсгэлэн хад чулуу, нуур зэрэг газруудад зогсох, буудаллаж болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.fs.usda.gov/difie сайтаас орж үзээрэй.
- Явган аялах. Nickman Bridge, Golden Throne, Capitol Gorge уруу амархан, хүндэвтэр гэж ангилагдсан явган аяллыг хийж байгалийн гүүр, анхны Мормон сууршигчдын гарын үсэгнүүдтэй хаднууд /Pioneer Register/ зэргийг үзэж болно. Зарим явган аяллын замууд тодорхой тэмдэггүй ч овоолсон эсвэл өрсөн чулуунуудаар зам дагуу тэмдэглэсэн байгаа.

Хамгийн таалагдсан нь: 
- Gifford Farmhouse. Анхны Мормон суурьшигчийн байшин-үзэсгэлэн төдийгүй тэдний үед хийж байсны адил дурсгалын зүйлсийг төдийгүй амттай сайхан барьсан талх, жимсний бялуу, зайрмаг зэргийг худалдаж байсан. Ялангуяа цөлөөр удаан явсан бидэнд зайрмаг нь гоё байсан шүү.
- Fermont омгийн уугуул Америкчуудын үлдээсэн хадан зурагнууд /petroglyphs -хадан дээр сийлсэн, pictographs-будгаар зурсан/. Тэд 700 оны үеэс 1250 орчим оны хооронд шош, вандуй зэрэг хүнсний ногоо тарьж, ан хийж амьдарч байгаад гэнэт орхин явсан бөгөөд тэдний амьдарч байсан ул мөрийг энэ паркаас нэлээдийг олж харж болно. Хамгийн эхлээд аялагчдын төвөөс холгүй нэг байгаа.

Анхаарах зүйл:
- Уг парк Юта мужийн цөлөрхөг хэсэгт оршдогийн хувьд зуны улиралд /6,7,8-р саруудад/ их халуун үдийн алдад 100-д дөхдөг. Харин өглөө, оройгуураа сэрүүвтэр. Хавар, намар аялахад хамгийн тохиромжтой цаг юм билээ. Өвөл нь хүйтэн, ялангуяа шөнө нь заримдаа нэлээд хүйтэн болдог гэж танилцуулгадаа бичжээ. Хүчтэй бороо орж байгаа үед зарим хэсэгт үерлэх магадлалтай гэснийг анхаарна биз.
- Парк дотор шатхуун түгээгүүрийн газар байхгүй тул шаардлагатай бол паркт орохын өмнө Torrey хотоос /12 болон 24-р замын уулзвар дээр/ бензин аваарай.   

Dead Horse Point state park.

Бидний очих дуртай газруудын нэг. 3 дахиа ирж байна даа. Майхнаа Canyonland NP-д босгочихоод давхиад нар шингэх үеэр амжаад ирж чадлаа. 
Уг газрыг 1800-аад оны үед ковбойчууд зэрлэг адуу барихад ашигладаг байсан бөгөөд эргэн тойронд эгц хавцлаар хүрлээгдсэн жижигхэн талбайд морьдыг хашиж оруулаад гарах гарцыг нь хашаагаар хаадаг байсан байна. Уг паркын нэр үүссэн домгоор бол нэг удаа сүрэг адууг хашаад усгүй орхисноос Колорадо голын барааг 2000 тохой /foot/ хэрийн өндрөөс харсаар цангаж үхсэн ажээ.     

Үзэх гол зүйлс:
- Аялагчдын төв /visitor center/. Паркийн тухай, мэдээлэл, газрын зураг, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр.
- Колорадо голоор зүсэгдсэн сүрлэг хад, хавцлуудыг дээрээс нь янз бүрийн цэгүүдээс харах. Та хэдхэн цагийн дотор хавцал уруу бүх цэгүүдээс харж амжина. Цэгүүд /Rim overlook, Shafer Canyon Overlook, Meander overlook, Neck, Basin overlook/ нь хоорондоо ойрхон. Хамгийн гоё нь мэдээж Dead Horse Point Overlook.

Цаг байгаа бол:
- Явган аялах. Group site-аас Piramid Canyon Overlook болон аялагчдын төв үрүү явган алхаж болно.

Хамгийн таалагдсан нь: 
- Нар жаргаж байхад уг парк хамгийн сүрлэг харагддаг гэж хүмүүс үздэг. Хараад л суугаад баймаар байсан. 

Анхаарах зүйл:
Уг парк улсын биш мужийн эзэмшлийн тул паркийн жилийн билет энд үйлчлэхгүй.

Америкийн дархан цаазат үзэсгэлэнт газруудаар аялан зорчсон сонирхолтой тэмдэглэл ийнхүү үргэлжлэж байна. Аяны богцоо анхлан нээх эрхийг манай сэтгүүлийн уншигчдад олгож байгаад гүнээ талархал дэвшүүлье. 

Зураг дээр: Энэхүү тэмдэглэлийг тэрлэж буй аялагч Д.Баярсайхан бүсгүй бага хүүтэйгээ алдарт Dead horse point-ийн оройд.

1 comment:

  1. Over at Free Bitcoin you can claim FREE satoshis. Up to 22 satoshis every 5 minutes.

    ReplyDelete