Philadelphia
Вашингтон
хотоос хөдлөөд 100 гаруй бээр яваад Америкийн түүхэнд том байр суурь
эзэлдэг, анхны нийслэл байсан Pennsylvania мужийн Philadelphia хотод
ирлээ. Энд Independence National Historical park-аар /www.nps.gov/inde/
орж Америкчууд Их Британийн колони байсан үеийн болон тусгаар тогтнолын
хувьсгал, нэгдсэн улс болсон үеийн түүх дурсгал Liberty bell буюу
Америкт төдийгүй дэлхий дахинаа эрх чөлөөний бэлэгдэл болсон алдарт
хонхыг “газар дээр” нь үзэхээр зорьсон хэрэг. Үүний тулд эхлээд
Independence аялагчдын төвөөс нь газрын зураг, үзэх газрынхаа мэдээллийг
авахын хамт Independence Hall-ын /Тусгаар тогтнолын тунхаглал, Үндсэн
хуулийг баталсан танхимаас гадна 1790-1800 онуудад Америкийн Конгресс
хуралдаж байсан танхим, Нэгдсэн Улсын дээд шүүх хуралдаж байсан
танхимуудыг энэ аяллаар үзэх болно/ үзэх тайлбартай аяллын үнэгүй
билетийг нь авлаа. Тэгээд бид түүхийн холбогдолтой кино үзэж, дээр үеийн
хувцастай хүмүүстэй зургаа татуулав.
Independence Mall
Declaration House. 1976
онд Конгрессийн гишүүн байсан Thomas Jefferson энд байрлаж байхдаа
Америкийн 13 бие даасан мужийг Их Британиас тусгаарласныг зарлаж хатанд
хаанд илгээсэн алдарт Тусгаар тогтнолын тунхаглалын эхийг энд бичсэн
түүхтэй. Мөн Америкийн анхны ерөнхийлөгч George Washington-ын ажиллаж,
амьдарч байсан байр зэрэг түүх дурсгалын байшин барилгуудаар явагддаг
тайлбартай аялалд орж үзсэнээр хүүхдүүд төдийгүй томчуул бид ч Америкийн
түүхийн мэдлэгээ дээшлүүлээд авах юм билээ. Эдгээр аяллууд болдог
газар, хуваарийг нь үнэгүй тараагддаг Historic Phildelphia Gazette сонин
дээрээс нь хараарай.
Зун болохоор ч тэрүү Эрх чөлөөний
хонхыг /Liberty Bell Center/ үзэх дараалал нь нэлээд урт байсан. Уг
хонхны түүхээс дурдвал 1753 онд State House-ын өмнө анх өлгөсөн уг
хонхны дуугаар Pennsylvania ассемблийн хурал болон иргэдийн цуглаан
зэрэг эхлэдэг байжээ. 1776 оны 7-р сард 8н-д Тусгаар тогтнолын
тунхаглалыг Конгрессийн хурал дээр унших үеэр нижигнэн дуугарсан
хонхнуудын нэг нь байсан гэж түүхчид үздэг. Харин бараг наяад жилийн
дараа буюу 1830 онд боолчлолын эсрэг тэмцэгч бүлгээс Эрх чөлөөний гэдэг
нэрийг нэмж зүүж өгчээ. 1846 онд хонхны их биенд нь анхны цуу гарсан юм
байна. 1885 оноос хойш энэхүү дурсгалт хонхыг эзэмшигч Phildelphia хотын
захиргаанаас эрх чөлөө болон тусгаар тогтнолын холбогдолтой төрөл
бүрийн арга хэмжээнүүдийн үеэр зөөн аваачдаг байсан бөгөөд хонхны
сургаар маш их хүн цуглардаг байснаас дахин нэмж цуурсан төдийгүй олон
хүмүүс эмтэрхийг хэсгээс нь дурсгал болгон авахыг оролдох болсноор 1915
оноос зөөвөрлөхийг зогсоосон байна. Дэлхийн 2-р дайны дараагаас National
Park Service байгууллагын эзэмшилд шилжин хэдэн зууны турш Америк
төдийгүй дэлхийн дахинаа хүний эрх чөлөөний хөдөлгөөн тэмцлийн билэг
тэмдэг болсон энэхүү хонх Монголын Ардчилсан хувьсгалын сүлд дуу “Хонхны
дуу”-г бичигдэх санааг өгсөн байх гэсэн бодол надад төрсөн.
Хонхны
түүхийг тайлбарлаж байсан ажилтан Цуурсан хэсэгийг засалгүй хэвээр
үлдээсэн нь бидэнд - Эрх чөлөө гэдэг эмзэг юм шүү, ингээд ч гэмтэж болно
гэдгийг харуулж байгаа юм гэсэн нь хүмүүст нэгийг бодуулахаар байлаа.
Бидний найз нэгэн хижээл америк эмэгтэй “- Би хэзээ ч эрх чөлөөгүй
амьдарч үзээгүй болохоор эрх чөлөөгүй амьдрана гэдгийг мэдэхгүй гэж
байсныг санахад дэлхий бөмбөрцгийн зарим хэсэгт үй олон хүн эрх чөлөө
гэдгийг мэдрэхгүйгээр насыг барж зарим нь эрх чөлөөнийхөө төлөө өнөөг
хүртэл тэмцсээр байгаатай харьцуулж бодохоор үнэхээр Америкчууд их хувь
тавилантай ард түмэн юм даа.
Бид хэдийгээр амжаагүй ч анх очиж
байгаа хүмүүс Phildelphia хотыг үзүүлэх автобус, морин тэрэгтэй
аяллуудаар явах, далимд нь Philly cheesesteak sandwich эх нутагт нь идэж
үзэхэд зүгээр болов уу.
Нью Йорк
Бид
New York хотод ирмэгц буудлаа авсан оройдоо л хотоо үзэхээр гарсан.
Хоёрхон өдөрт багтааж Empire State building барилгын 86 давхраас их
хотыг дээрээс нь харж, Ellis арал, эрх чөлөөний арал уруу очих аяллаар
Америкийн бэлэг тэмдэг ногоон хатагтайн дэргэд очиж, Европоос ирсэн
цагаачид Эрх чөлөөний хөшөөг харж Америкт ирснээ мэдэж баярын нулимс
унагасан ч цагаачлалын албаны болон эрүүл мэндийн шалгалтаар орж Америкт
амьдарч болох эсэхээ шийдүүлдэг байсан Ellis арал дээрх цагаачлалын
музей, дэлхийн банк санхүүгийн мангасуудын асар их хэмжээний мөнгө
эргэлддэг Wall street, хөрөнгийн биржийн хажуугаар алхаж, алдарт бухны
хөшөө, Time square, 2 өндөрийн суурин дээр босч буй барилгыг үзсэн. Мөн
мэдээж НҮБ-ийн байраар орж музей үзэж, бусад улсын далбаатай эн зэрэгцэн
намирах Монголынхаа далбааны өмнө зургаа даруулсан. New York хотод анх
очих хүмүүсийн хувьд машины парк нь үнэгүй бөгөөд метротой ойрхон буудал
сонговол их зүгээр юм билээ. Мөн Ellis, эрх чөлөөний арал уруу очих
аяллын билетийг www.statueoflibertytickets.com сайтаас ядаж 2 өдрийн
өмнө, Pedestal/Museum буюу эрх чөлөөний хөшөөний суурин хэсэгт орж үзэж
билетийг ойролцоогоор 2 долоо хоногийн өмнө, титэмд орж үзэх /одоогоор
засвартай байгаа тул 2012 он хүртэл дотор нь орж үзэх аялал хийгдэхгүй
байгаа/ билетийг 2 сарын өмнө захиалж авбал зүгээр гэж тэндхийн ажилтан
зөвлөж байсан. Бид нар олон хоногийн өмнө урьдчилж захиалаагүйгээс 2
өдрийн өмнө л захиалснаар гадуур нь явж үзэх билетийг л авч чадсан юм.
Онлайнаар захиалж авсан билеттэй хүмүүс очоод билет худалдан авсан
хүмүүсийн өмнүүр очёргүй ордгоороо давуу талтай байсан.
Niagara хүрхрээ /NY/, Cuyanoca Valley NP /Ohio/, Chicago хот /IL/
Зүүн
эрэгт болон Чикогад амьдардаг Монголчууд маань ихэнхдээ хэдийн очоод
үзчихсэн байдаг ч баруун эргийн бидний хувьд очиж үзэхийг хүсдэг
“мөрөөдлийн” газруудын нэг нь Niagara хүрхрээ билээ. Niagara Falls State
Park-ийн /niagarafallsstatepark.com/ гол зүйлсийг хагас өдөр, нэг
өдрийн дотор чөлөөтэй үзэж амжих юм билээ. Бид Niagara USA Discovery
Pass билетийг хүний 33 доллар, хүүхдийн 26 доллараар худалдан авсан ба
гол 5 зүйлс билет, мөн паркаар явах trolley автобусны билет тус тус
багтсан.
Үүнд: Niagara: Legends of Adventure Theater /хүрхрээний
түүх, домогтой холбоотой кино/, Aquarium of Niagara /пингвин нь их
хөөрхөн байсан/, Cave of the Winds Trip /хүрхрээний доор тавцан дээр
зогсож норох/, Discovery Center /музей/, Maid of the Mist /хамгийн гоё
нь- Observation Tower цамхагаас хүрхрээг харах, усан онгоцоор явж
American Falls, Bridal Veil Falls хүрхрээнүүдийн хажуугаар өнгөрөөхөөс
гадна болон Horseshoe Fall хүрхрээг Америк, Канадын талаас очиж харна/.
Дээр нь Luna Island, Goat Island арлууд дээрх харах цэгүүдээс гурван
хүрхрээг харах боломжтой.
Айлын хашааны зүлэг илүү ногоон
харагддаг гэж Америкчууд ярьдаг шиг Канадын талаас хүрхрээнүүд бүүр гоё
харагддаг гэж хүмүүс ярьж байсан. Бид нарт байсан сурталчилгааны сэтгүүл
дээрээс харахад Канадын талын эрэг дээр зугаа цэнгэлийн газрууд ихтэй
байсан илүүтэй өндөр барилга байшинтай байсан юм билээ.
Бид
хоноглох газар руугаа яарч байсан тул зун орой болгон буудуулдаг
салютыг нь үзэж чадаагүй билээ. Зураг дээрээс харахад өнгө өнгийн гэрэл
усан дээр тусаад их гоё байсан. Уг парк жилийн 4 улирал нээлттэй байдаг ч
очиж үзэхэд хамгийн тохиромжтой цаг нь зун ажээ. Өвөл ихэнх нь
үйлчилгээнүүд зогсдог ч үзэсгэлэнт байгалийг харах гэж хүмүүс очдог
гэсэн. Бид эндээс 90-р замаар Lake Erie гэдэг зарим хэсгээрээ Канадад
харьяалагддаг том нуурын эргээр давхисаар Lake Erie State паркад ирж
майхнаа босгож хоносон. Аялагчдын буудал нь нуурын эрэг дээр их сайхан
байгальтай газар байлаа.
Маргааш
нь цаашаа давхисаар Ohio мужид орж ирсэн ба хэдийгээр төлөвлөгөөнд
ороогүй байсан ч замаас 10-аадхан бээр хазаах байсан тул тус мужийн
цорын ганц дархан цаазат үндэсний парк болох Cuyanoca Valley NP-ийг очиж
үзсэн билээ. Харьцангуй үзэх юм багатай ч хэдэн сайхан хүрхрээтэй газар
байна лээ. Мөн дээр үед хэрэглэгдэж байсан covered bridge /дээвэртэй
гүүр гэх юм уу даа/ дээр очиж зургаа даруулцгаалаа. Паркийн нэг цөөрөм
маш их яст мэлхий, өнгө бүрийн шувуудтай аятайхан газар байлаа. Нэлээд
хэдэн жилийн өмнө тэнд минж суурьшуулсан гэсэн боловч бид нар олж харж
чадаагүй. Харин минжнүүдийн "ажилласан" моднууд энэд тэндгүй харагдсан.
Аяллын
явцад бидний дайрч өнгөрсөн хотууд дотроос ерөнхий үзэмж, барилга
байгууламж, цаг агаар, уур амьсгал зэргээрээ хамгийн таалагдсан хот бол
Chicago хот байлаа. Бид ганцхан өдрийн дотор Willis Tower-ын Skydeck
буюу 103 давхраас хотыг дээрээс нь, түүний дотор шилэн тагтан дээрээс
хотыг харсан ба Мянганы парк, түүний дотор Cloud Gate буюу эргэн тойрны
барилга байгууламж, тэнгэр үүлстэй нь цуг тусгаж харуулдаг “bean” хаалга
дээр нэлээд хэдэн цагийг өнгөрөөсөн. Байнга үйл ажиллагаа зохиогдож
байдаг уг паркт зун оройгоор концертын хүрээлэнд нь тоглох үнэгүй
концертыг хүмүүс идэх уух зүйлээ авчраад тухтайяа сууж үзэх ажээ. Бидний
харсан хөтөлбөрт 6 сарын ихээр өвөр Монголын нэг хамтлаг ирж тоглосон
байсан. Монголоос хамтлаг ирж тоглож байсан эсэхийг тэндхийн
монголчуудаас асуувал мэдэх байхаа. Мөн бид Union Station гэдэг галт
тэрэгний нэлээд хуучны буудлаар болон Michael Jordan-ын хөшөөгөөр дайрч
зогсоод Iowa муж уруу хоноглох газар уруугаа хөдөллөө.
Үргэлжлэл бий...
|
No comments:
Post a Comment