South Dakota муж: Corn Palace, Mitchell; Badlands NP; Wall Drug Store, Wall. Өмнөд
Дакота муж хамгийн цөөхөн хүн амтай /800 мянга/ мужуудын нэг ч муж
хоорондын 90-р замаа дагаад байгалийн болон хүний гараар бүтээсэн үзэх
сонирхох зүйл ихтэй анянчин жуулчи тасардаггүй газар байлаа. Мөн нэрт
жүжигчин Kevin Costner-ийн тоглодог 7 Оскарын шагналтай “Dances with
wolves’ киног Pierre хотын ойролцоо авсан нь ийшээ зорин ирэх жуулчдын
тоог их нэмэгдүүлсэн гэх аж. Тус
мужийн хамгийн том хот болох Sioux Falls-ийг бид үзэж чадаагүй ч
танилцуулганы зургийг харснаас Falls Parks гээд Big Sioux River голоос
буух хүрхрээнүүдтэй гоё паркийг үзвэл зүгээр юм билээ. Зам
дагуу үзэх, харах газруудыг жагсаасан “Discover I90 –a south Dakota
Travel Guide for Interstate 90” үнэгүй сэтгүүлийг авсан нь нэлээд
мэдээлэл өгсөн. Жижиг хотууд нь
хүртэл хүнд үзүүлэх юмаа олоод хүмүүсийг татаад байдаг юм байна. Биднийг
90-р замаараа давхисаар Өмнөд Дакота ороод ирэнгүүт л замын хажуугаар
дэлхийд цорын ганц "Corn Palace" Mitchell хот гэсэн реклам бараг л бээр
бүрт гарч ирсээр хэдийгээр дайрах төлөвлөгөөгүй байсан ч нөгөө хошин шог
дээр “баарны гэрэл ороод ир, ороод ир” гэж асдаг гэдэг шиг өөрийн
эрхгүй үзэх хүслийг төрүүлж замаас гаргав.
Mitchell
хэмээх жижиг хотын ганц чимэг, бахархал болсон "Corn Palace"
/www.cornpalace.com/ буюу “Эрдэнэ шишийн Ордон”- нь 1892 онд, уг хотыг
дөнгөж 12 настай байхад нь баригдсан гэх бөгөөд анх цагаач фармеруудыг
хотдоо татаж суурьшуулах зорилгоор хөрснийхөө үржил шимтэйг гайхуулсан
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаднах ханандаа байрлуулдаг, жил бүрийн
намар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний фестивал зохиодог байсан нь
хэдийгээр 100 гаруй жил өнгөрсөн ч өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм
байна. Өнөө энэхүү ордон-байшингийн
гадна ханыг эрдэнэ шиш, эрдэнэ шишийн бүрхүүлээр бүрж тодорхой төрлийн
сэдэвтэй зураг, урлал бий болгодог ба жил бүр хуучныгаа хуулж аваад шинэ
эрдэнэ шишийг ашиглаж шинээр сонгож авсан сэдвээрээ дахин “mural” буюу
ханан зураг бүтээдэг.
Үүний
тулд эрдэнэ шиш боловсорч гүйцэх үеэр 275 мянга гаруйг хөндлөн зүсээд,
орон нутгийн урлалынхны зохиосон зургийн дагуу хананд хадаасны буугаар
хадаж тогтооно. Зуны турш тэдний өвөрмөц чимэглэх үйл явцыг дуусах
хүртэл нь харж болно. Мөн дээр нь 3000 гаруй rye /хөх тариа/, oat
/овьёос/-ны толгойг sour dock ургамалтай зангидан ханыг чимсэнээр олон
мянган аялагчдын нүдийг хужирлах ханын чимэглэл бэлэн болдог юм байна.
Бид
гаднаас ордны ханын зургийг харж зогсоод дотогшоо орж үзлээ. Дотроо уг
ордны тухай киног үнэгүй үзэж болох ба хоол хүнс, түүний дотор эрдэнэ
шишээр хийсэн нэлээд олон төрлийн хоол, snack зарж байлаа. Том зааландаа
гар урлалын бүтээгдэхүүний лангуунуудыг /үйл ажиллагаа болоогүй үедээ/
ажиллуулсныг бид дундуур явж жаал сонирхож үзлээ. Эндээс ах маань ширээр
хийсэн америкт үйлдвэрлэсэн “шляпан” малгайтай, хүүхдүүд болон би янз
янзаар чихэрлэж амталсан popcorn-тай гарцгаалаа.
Үүний
дараа зорьж байсан Badlands NP / www.nps.gov/badl/index.htm/ парк
руугаа хөдөлцгөөлөө. 90-р замаас 240-р замаар уг парк руу очих замаар
салах үед хүйтэн дайны үеийн газар доорх пуужингийн хяналтын төв, 1962
онд ерөнхийлөгч байсан Kennedy-ийн “Ace in the Hole” гэж нэрлэж байсан
Minuteman Missile пуужинг үзэж болох Minunteman Missile National
Historic Site зам дээр нь байгаа.
Badlands
NP паркийн газар нь “sedimentary” буюу усны ёроолын тунаж үлддэг зөөлөн
чулуулаг болон шавар ихтэй хөрснээс тогтох бөгөөд ус, салхины нөлөөгөөр
янз бүрийн хэлбэр дүрс, гуу жалгыг үүсгэсэн нь дайрч өнгөрөхөд хэцүү,
ямар нэгэн хэлбэрээр ашиглах боломжгүй гэдгээс Bad Land буюу муу газар
гэсэн нэрийг авчээ. Толь бичгээс
харвал “муу газар” гэж нэрлэгддэг ийм төрлийн тогтоц америкийн өөр
нутгуудад төдийгүй хятад, испани гэхчилэн өөр улсуудад байдаг гэжээ. Мөн
энэхүү элэгдэлд амархан ордог газрын тогтоц нь эртний амьтдын яс,
үлдэгдлийг ил гаргадаг тул нэлээд алдартай “fossil beds” эндээс олдсон
байдаг юм билээ. Паркийн нэг хэсэгт энэхүү эртний яс, үлдэгдэл олдворыг
нь ухаж ил гаргаад тэр чигээр нь үлдээж дээр нь бүрхүүл тавиад тайлбарын
хамт байрлуулан зориулалтын зассан замаар явж үздэг болгосон нь өвөрмөц
үзмэр болсон байсан.
Бид
240-өөрөө явсаар Ben Reifel аялагчдын төв дээр очиж паркийн тухай кино
үзэж, үзмэр, дэлгүүрийг нь сонирхоод цааш үзэх газрууддаа зогссож явсаар
хагас өдрийн дотор ихэнхийг нь үзэж дуусгачихлаа. Бидний ажигласнаар
төрөл бүрийн өнгөтэй чулуулаг тогтоцууд нь Калифорний Death Valley NP
буюу “Үхлийн хөндий” паркийн зарим тогтоцыг санагдуулж байсан ба бусад
паркуудыг бодвол хамаагүй чөлөөтэй авируулж, алхуулдаг юм билээ. Нар
жаргах үеэр авсан зурагнуудад хад чулуу, толгод нь өнгө өнгөөр
солонгороод гоё гарсан байна лээ. Паркт энэ тэндгүй тааралдах бизон үхэр
болон Prairie Dog гээд тарвага шиг боловч тарваганаас арай жижиг амьтны
зургийг мөн дарцгаалаа.
Энэ
240-р зам тэр чигээрээ явсаар 90-тэй буцаад нийлдэг ба зам дээр
байрладаг Badlands NP-ийн хана гэсэн утгатай Wall гэдэг хот Wall Drug /
www.walldrug.com / дэлгүүрээрээ алдартай гэсэн тул орж үзэхээр зогслоо.
Уг дэлгүүр нь Mt.Rushmore уруу явж байгаа аялагчдыг татах зорилгоор 1931
онд байгуулагдсан гэсэн бөгөөд яг 90-р зам дээр том диназовр ба мөн
дэлгүүрийн гадна доторгүй үзмэрүүд байрлуулсан, төрөл бүрийн дэлгүүртэй ч
тус тусдаа биш нэг нэг рүүгээ шууд дамждагаараа алдартай юм байна. Хэдийгээр
бүрэнхий байсан ч Wall Drug’s back yard гээд дэлгүүрийн гаднах хойд
талбайд байрлуулсан жижиг хэмжээний Mt.Rushmore, сууж үздэг том эвэртэй
туулай, бизон бух, баавгай баримал, чихмэл, үзмэрүүдийг үзэж жаал явлаа.
Надад дэлгүүр нь яаж нэрд гарсан түүх нь их сонирхолтой байлаа.
Ted
Hustead гэдэг эр аптекийн /pharmacy/ сургууль төгсөн 2 жил ажиллаж
байгаад аавынхаа үлдээсэн 3000 долларыг ашиглаж аптек худалдаж авахаар
эхнэрийн хамт өмнөд Дакота, Небраска мужуудаар хайж эхэлжээ. Тэд католик
сүмтэй, жижиг хот хайж байсан ба Wall хотод аптек дэлгүүр зарахаар зар
тавьсан байсан тул тэр хотыг сонгож, аптекаа ч худалдаж авсан байна.
Ийнхүү
өөрсдийн амьдарч байсан Canova хотоосоо нүүх болоход эхнэрийнх нь аав,
төрөл саднууд нь эзгүй жижиг хотыг сонгосонд дуртай байгаагүй ч нэгэнт
зориглосон тэднийг хорьж дийлээгүй байна. Эхний
хэдэн сар бизнес нь маш муу, өдөржингөө нэг ч хүн орж ирэхгүй ч өдөр ч
байдаг байжээ. Эхнэр нь “Би ядуу байхад санаа зовохгүй байнаа. Гэвч энэ
дэлгүүр биднийг өөрсдийнхөө авьяасыг бүрэн дүүрэн гаргуулж чадаж байна
уу гэдэг л байна” гэж хэлж нь гайгүй сургууль төгсөөд ахлах сургуульд
багшилж байсан эхнэрээ ажлаас нь гаргаад авчирсан түүнд санаа зовоход
хүргэсэн бөгөөд 5 жил л зүтгээд үзье, тэгээд болохгүй бол буцаад нүүе
гэж эхнэртээ амалсан байна. Эхнэр нь ч удахгүй Mt.Rushmore ашиглалтанд
орно, тэгэхээр хүмүүс их ирдэг болноо гэж нөхрөө тайтгаруулж байжээ.
Тэд
хотынхонтойгоо улам сайн танилцаж, тэдэнд улам сайн үйлчлэхээр зүтгэж
эхэлсэн ба нөхөр нь хувиараа мал эм зүйд суралцаж нутгийн фармеруудад
туслах болсон байна. Гэсэн ч цөөн хүнтэй, ядуу хотод бизнес нь олигтой
ахихгүй байсаар 1936 оны зун гарчээ. Нөгөө амалсан 5 жил нь 12 сард
дуусах байсан ба маш их цагийг үр ашиггүй цонх ширтэж өнгөрөөж байгаадаа
Ted харамсаж байлаа.
Нэг
өдөр эхнэр нь би гэртээ харьж хүүхдүүдтэйгээ жаахан унтаж байгаад ирье
гээд гарсан ч удалгүй буцаад ороод иржээ. Хэт халуун болоод унтаж
чадсангүй юу гэж эхнэрээсээ асуухад үгүй ээ, 16А замаар явж байгаа
машинуудын чимээ байшинг нураах шахаад унтуулсангүй гэжээ. Өө тэгвэл муу
байнаа даа гэтэл эхнэр нь үгүй ээ, харин ч сайн юм боллоо. Би тэд нарыг
яаж манай дэлгүүрээр оруулах аргыг бодож оллоо гэжээ. Яаж гэж асуухад,
эхнэр нь халуун зун талаар өдөржингөө давхисан тэдэнд юу хэрэгтэй гээч?
Тэд нарын ам нь цангасан байгаа. Мөстэй ус! Бид нарт хангалттай мөс, ус
байгаа. Замын хажууд үнэгүй мөстэй ус уу гэсэн том зарлал тавчихъя.
Иймэрхүү үгтэй байвал болох байх. “Ундаа ав… Root beer ав… Их ойрхон …
16&14 зам дээр… Үнэгүй мөстэй ус … Wall Drug”.
Тэгээд
амралтын өдрөө Ted, нэг ахлах ангийн хүүхдийн хамтаар зам дээр байсан
зарлалын самбарыг дууриалган, 12х36 хэмжээтэйгээр дээрх үгнүүдтэй
самбарыг хийж замын хажууд байрлуулжээ. Түүнд нэг л тэнэг юм хийж байгаа
мэт сэтгэгдэл төрж байсан ч эхнэрийнхээ үгэнд орж самбараа босгоод
дэлгүүртээ орж ирэх үед эхний хүмүүс аль хэдийн хүрээд ирчихсэн эхнэр нь
үйлчлээд гүйж байжээ. Зарим нь хэд хэдэн стаканаар, зарим нь
Yellowstone парк орох гэж байгаа тул усны саваа дүүргээд өгөөч гэсэн
хүмүүс байлаа. Үүнийг харж зогссон нэгэн худалдаачин чиний үнэгүй ус
гэдэг чинь маш аятайхан санаа байна. Чи миний зайрмагийг зараад өгөөч
гэснээр ядарч цангасан олон хүмүүст ус, зайрмагаар хүмүүст үйлчилж,
газрын зургаар тусалж үнэн сэтгэлээсээ баярлуулж явуулсаар анх удаа
өдрийг маш завгүй өнгөөрөөжээ. Энэ өдрөөс хойш уг дэлгүүрээр маш олон
хүн үйлчлүүлдэг болсон ба тэр зундаа туслуулахаар 8 охин ажилд авсан
байна. Ted тэмдэглэлээ “- Чи хаана ч амьдарч байсан амжилтанд хүрч
чадна. Яагаад гэвэл хүмүүсийн хэрэгцээтэй зүйлээр нь тэдэнд хүрч үйлчилж
чадвал чиний хаана байгаа нь хамаагүй билээ” гэж төгсгөжээ.
Black Hills: Custer State park, Mr.Rushmore NM
Black
Hills нь уугуул америкчуудын өгсөн нэр paha sapa буюу Хар-Толгод
гэдгээс үүдэж нэрлэгдсэн бөгөөд хэдийгээр өндөр биш ч /хамгийн өндөр
өндөрлөг нь 7242 тохой/ эргэн тойрны Prairies гэж нэрлэгдэх мод гэхээсээ
өвч ургамал голлосон тэгш гадаргуугаас дээшээ гарч ирсэн тул харьцангуй
харлаж харагддагаас энэхүү нэрийг авсан аж. Энэ хавийн уугуул
америкчуудын шүтээн газрын нэг байсан юм байна.
Энэ
уулан дээр, уулыг тойроод болон ойролцоо байдаг маш олон үзэж хармаар
газрууд, түүний дотор хэд хэдэн сонирхолтой агуй
/www.blackhillscaverns.com , www.sittingbullcrystalcave.com/, Custer
паркийн урд хэсэгт Wind Cave NP парк болон манай бага хүүгийн очихыг
хүсч байсан Mammoth site /www.mammothsite.org/ гээд эртний заан
арслангийн нэлээд сайн үлдэгдэл олдсон газар, dinosaur park гээд
/үнэгүй/ аварга том диназавруудын барималуудтай газар, хүүхдүүдийн
дуулаад байдаг нөгөө алдарт Old Macdonald’d /petting/ farm
/www.oldmacsfarmblackhills.com/ , National Presidential Wax Museum
/www.presidentialwaxmuseum.com/ америкийн ерөнхийлөгчдөөр дагнаж хийсэн
лааны тосон музей, Presidents Park / www.presidentspark.com/ гээд
ерөнхийлөгчдийн аварга том барималуудтай парк гээд олон газраар ормоор
байсан ч үнэхээр үзэх зүйл их, хугацаа багаас гол зүйл дээрээ төвлөрч
үзэхээр шийдсэн билээ.
Хамгийн
түрүүнд хоноглохоор төлөвлөсөн байсан Custer State park-т ирлээ.
Mr.Rushmore-ийн хажууд байрладаг болохоор аргагүй ч биз мужийн парк
гэхэд их хүнтэй, бид хэд оройхон очсоныг ч хэлэх үү аялагчдын буудал
/camping/ зовж байж олсон. Маргааш нь уг паркаар хагас өдөр явсан ба
хүмүүсийн анхаарлыг татахын тулд уулуудыг нүхэлж зам гаргасан /нийтдээ 7
газар хонгил гаргасан байгаа/, усанд сэлэх, завиар явах, загас барих
гоё газруудтай, ерөнхийдөө тайван сайхан амрахад тохиромжтой гоё парк
байна дээ. Очиж байсан мужийн
паркуудыг бодвол рэнжерүүд ихтэй, зам дээр энэ тэндгүй хяналтын
цэгүүдтэй, байнга хураамж төлсөн наалтыг шалгаж байсан нь их л сонин
санагдсан. Паркын олон төрлийн хураамж ихтэй, тэр нь нэлээд орлогыг
бүрэлдүүлдэг болохоор тэр байх гэж таамагласан.
Энэ
паркаас хэдхэн майл яваад бид уугуул америкчууд цагаан арьстангуудтай
өрсөлдөж өөрийн баатардаа зориулан уулан дээр сийлж байгаа Crazy horse
Memorial / www.crazyhorsememorial.org / гээд Галзуу морь нэртэй баатрын
дуусаагүй байгаа дурсгал дээр очсон боловч дотор нь оролгүйгээр зураг
дараад хөдөллөө. Энэд иртлээ би өмнө нь энэ “галзуу морь”-ний сийлбэрийн
тухай сонсоогүй байсан ба уг сийлбэрийг Mt.Rushmore-ийн дууссанаас хойш
7 жилийн дараа буюу 1948 онд эхэлсэн ч дуусгаагүй түүх нь их сонин,
бас жаахан харамсмаар санагдсан билээ. Хэрэв дуусвал 563 тохой өндөр,
641 тохой урттай хадан сийлбэр болох юм байна. Эх барималтай харьцуулж
харвал одоо сийлсэн байгаа нь яагаа ч үгүй санагдсан.
Уугуул
америкчуудын Галзуу морь хэмээх баатар 1842 оны хавьцаа Black Hills
нутагт төрсөн гэх ба 1877онд Америк цэрэгт араасаа хутгалуулж нас барсан
аж. Тэрээр Америкийн ерөнхийлөгчийн гарын үсэг зурж, хэрэгжиж байсан
“гол урсаж, ногоо ургаж, мод цэцэглэж байгаа цагт Paha Sapa-Black hills
of Dakota нь Sioux индиануудын нутаг үүрд байх болно” гэж заасан the
Treaty of 1868 нь зөрчигдөж, омгийн ахлагч Conquering Bear нь
америкчуудад алагдаж, тэднээс газраа орхин нүүвэл мах, хувцас, майхан
зэрэг зүйлс өгөхийг амалсан бичиг тулгах болсноос өөрийн эрхгүй
омгийхныгоо удирдан тэмцсэн түүхтэй баатар юм байна.
Энэхүү
баатрын хадан сийлбэрийн загварыг гаргасан Korczak Ziolkowski нь польш
гаралтай америк хүн байсан бөгөөд 1 насандаа өнчирсөн тэрээр асрамжийн
газруудаар өсчээ. Ямар нэгэн урлагийн сургуулиар яваагүй өөрөө суралцсан
барималч түүнийг 1939 онд New York хотод болсон World’s Fair-д
түрүүлсэн мэдээг олж үзсэн Lakota омгийн ахлагч Standing Bear түүнд
захиа явуулж “омгийн ахлагчид бид улаан арьтанууд ч гэсэн өөрийн
бахархах баатартай гэдгээ цагаан арьтануудад харуулахыг хүснэм ” гээд
түүнийг Black Hills-д ирж Галзуу морины хөшөөг урлахыг санал болгожээ.
Урилгыг
хүлээн авсан Korczak 1947 онд Black Hills-д ирсэн ба 1948 онд уулан
дээр ажиллаж эхлэх үед тэрээр 40 настай, түүнд ердөө 174 доллар үлдээсэн
байжээ. Санхүүгийн хүндрэл, насны доройтол, гэмтэл, арьс өнгөний
ялгавар зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байсан ч чөлөөт зах зээлийн
системд итгэдэг тэрээр уг төсөлд сонирхол бүхий хүмүүсийн хөрөнгөөр бус
татвар төлөгчдийн мөнгөөр босох ёсгүй гэж үзсэнээс улсаас санхүүжүүлэх
саналыг 2- ч удаа хүлээж аваагүй байна. Иймд
тэрээр энэхүү төслийг нь өөрийн амьдрах хугацаандаа дуусгаж чадахгүй
гэдгээ мэдэж байсан учраас маш дэлгэрэнгшй төлөвлөгөө, заавар, зураг
үлдээсэн байна. 1982 онд түүнийг нас барснаас хойш уг төслийн ажил дээр
нь түүний эхнэр, хүүхдүүд үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.
Дээр
харамссан гэж дурдсан нь Америкийг хүч ихтэй, хөрөнгө мөнгөөр туйлж
байх үед нь ЗГ-аас санхүүжүүлт авчихсан бол аль хэдийн дуусгаад хүмүүс
үзүүлснээр хэдэн арван жил дэлхийн нийтэд улаан арьст баатрын тухай
мэддэг болчихсон, дуурсгаж байх байсан даа гэж бодсоных билээ. Тэгээд ч
холоос тодорхой харагдаж байгаа дуусаагүй дурсгалыг үзэх гэж үүдэнд үзэх
гэж 28 доллар төлөх нь дэмий хэрэг гэж үзээд бид оролгүйгээр тэндээс 17
бээр зайнд орших Mt.Rushmore руу хөдөлсөн юм.
Алдарт
Mount Rushmore /www.nps.gov/moru / буюу Америкийн түүхэнд чухал
зүйлсийг бүтээсэн гэж үнэлэгддэг америкчуудын хайртай 4 ерөнхийлөгчид,
Jefferson, Lincoln, Roosevelt, Washington-ийн толгойг сийлсэн уул нь
Америкийн хүний гараар бүтээсэн гайхамшгуудын нэгд ордог. Gutzon Borglum
тэргүүтэй 400 гаруй ажилчид 1927 оны 10-р сараас 1941 оны 10-р сарын
хооронд энэхүү аварга том хадан сийлбэрийг дуусгаж дэлхийд гайхуулсан юм
байна.
Уг
дурсгал-толгойнуудын 90 хувийг динамитаар дэлбэлж урласан бөгөөд уг
төсөлд тэр үеийн дүнгээр 989 мянган доллар зарцуулсан байна. Уг дурсгалт
газар руу орох төлбөр байхгүй ч машины зогсоолын үнэд 11 доллар хурааж
байсан. Зогсоолд машинаа тавиад ороход таныг муж бүрийн тугийг хатгасан
Avenue of Flags гудамж угтах ба үүнийг өнгөрөөд ном, бэлэг дурсгалын
дэлгүүр, аяллагчдын төвийн байшингууд байрлажээ. Аялагчдын төв дотроо
сийлбэрийг хэрхэн хийсэн тухай үзэсгэлэн, 2 киног үзэх боломжтой байсан
ба гадагшаа гарч 0.6 бээр аяллын замаар яваад уулын бэлээр нь явж
“толгойнууд”-ыг янз бүрийн өнцгөөс харж болно.
Энд
ирснээр Америкийн 4 ерөнхийлөгч ямар дуурсагдах түүхэн чухал үүрэг
гүйцэтгэсэнээр энд сийлүүлэх эрхтэй болсныг мэдэж авлаа. Үүнд:
- George Washington
- Америкийн “Үүслийг” билэгдэнэ. Америкийн эцэг гэж нэрлэгддэг тэрээр
анхны ерөнхийлөгч /1789-1797/, америкийн иргэний дайнд Continental
армийг удирдаж ялалт авчирсан хүн.
- Thomos Jefferson -
Америкийн “Өргөжилтийг” билэгдэнэ. “Эрх чөлөөний тунхаглал”-ын эхийг
бичигч, Америкийн 3-р ерөнхийлөгч /1801-1809/. Гол нь алдарт “Louisiana
purchase” буюу Louisiana Territory-ыг худалдаж авснаар Америкийн нутгийг
2 дахин томруулсан.
- Abraam Lincoln
- Америкийн “нэгдмэл” /preservation – хадгалж үлдсэнийг/-ийг билэгдэнэ.
Ихэнх хүмүүсийн үнэлдгээр америкийн хамгийн мундаг ерөнхийлөгч
/1861-1865/ юм. Иргэний дайны үед улс орон хагарах аюулыг зогсоож
нэгдмэл улс хэвээр үйлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
- Theodore Roosevelt
Америкийн “Хөгжилтийг” билэгдэнэ. 26-р ерөнхийлөгч /1901-1909/. Энэ хүн
бол бидний мэддэг дэлхийн 2-р дайны үеийн Roosevelt биш юм. 20 зуунд
америкийн эрчтэй хөгжил үрүү хөтөлсөн хүн гэж үздэг. Номхон далай,
Атлантын далайг холбосон Панамын сувгийг босгоход гол дэмжлэгийг
үзүүлсэн. Мөн “Trust buster ”гэж нэрлэгддэг байсан тэрээр жирийн хүний
эрхийг баталгаатай олгохын төлөө ажиллаж байжээ.
Өмнөд
Дакотад жуулчин авчрах зорилгоор индиан удирдагчид, америкийн
explorer-уудын том чулуун хөшөөг Black Hills дээр сийлэх санааг анх
түүхч Doane Robinson гэдэг хүн гаргасан бөгөөд тэрээр барималч Gutzon-д
хандаж санаагаа танилцуулжээ. Нэрт барималчид энэ санаа таалагдсан тул
1926 оны 8-р сараас эхлэн Black Hills уулаар хангалттай хэмжээний
өндөртэй, хүний нүүрийг сийлж болох хавтгай бөгөөд хагарч бутрах нь
бага, минерал багатай чулуун бүтэц хайж эхэлжээ. Хүний хөл, замаас хол
байх нь хамаагүй гэж үзсэн ба боссон цагт нь зам гарч, хот босно гэдэгт ч
итгэлтэй байжээ. Эрж явсаар нэг
өдөр боломжийн чулуутай уултай тааралдаж “Ямар нэртэй уул вэ” гэхэд
хуучин Slaugtherhouse Rock гэдэг байсан одоо Mt.Rushmore гэж New
York-ийн нэгэн хуульчийн нэрээр нэрлэгдсэн уул болохыг хэлжээ.
Rushmore
гэдэг нэгэн залуу хуульч 1905 онд үйлчлүүлэгчийхээ уурхайг үзэх гэж энэ
ууланд ирээд ямар нэртэй уул болохыг асуухад нэрийг нь хэлээд гэхдээ
хүсвэл Mt.Rushmore гэж дуудвал ямар байна гэснээр цаашид дуудагдахад
амар байсан тул нутгийхны дунд тэр чигээрээ үлдээсэн аж. Ийнхүү залуу хуульч “хөнгөхөөн” өөрийн нэрийг ууланд өгчихжээ. Gutzon
яг хэрэгтэй уулаа олсноо мэдэж, харин хэнийг сийлэхээ тогтох ёстой
байлаа. Америкийн түүхийг Америкийн 4 ерөнхийлөгчийн толгой сийлэхээр
шийдсэнээ танилуулахад хүн бүр л Mickey Mouse, алдартай жүжигчид,
ерөнхийлөгч Kennedy, Martin Luther King гээд л өөрсдийн дуртай баатраа
оруулах хүсэлтэй байжээ. Гэсэн ч хийх гэж байгаа хүнд сонгох эрх нь
байсан тул өөрийн сонгосноор шийдэж энэхүү 4 толгойг урлахаар болжээ.
Эхний
үед түүнд болон орон нутгийн хэдхэн бизнесүүдэд түшиглэсэн санхүүжилт
нь ихээхэн бэрхшээлтэй тулгарч байсан ч тэр үеийн ерөнхийлөгч Coolidge
тэнд очиход нэлээд сайн “шоу” зохион байгуулж чадсанаар олон нийтийн
анхаарлыг татаж, засгийн газраас санхүүжилт гаргуулахаар болсон аж. Төслийн
явцад олон саад бэрхшээл, түүний дотор улс орныг хамарсан эдийн засгийн
хямралаас үүдэлтэй санхүүгийн хүнд асуудал, муу байрлуулсан динамит
дэлбэрснээс “Jefferson”-ны духыг засахын аргагүй болгож гэмтээснээс
дахин хийхэд хүрч бүхэл дизайныг өөрчилсөн, үүнээс болж “Roosevelt”-ийн
толгой бүр хойшоо мухарт сийлэгдсэн, хадны цагаан судал “Lincoln”-ын
нүүрийг эвгүй харагдуулж байсан зэрэг бэрхшээлтэй тулгарсан ч асуудлыг
шийдвэрлэж санаснаа хэрэгжүүлж чадсан байна.
Дашрамд дурдахад CyArk
гээд сайтын Mt.Rushmore төслөөр
http://archive.cyark.org/mount-rushmore-national-memorial-intro уг
дурсгалын газрын virtual tour, дижитал мэдээллээр үүсгэсэн 3D бичлэгийг
үзвэл бараг тэнд очсоноос илүүтэй олон цэгээс дурсгалыг харах боломж
олдоно.
Үргэлжлэл бий.
|
No comments:
Post a Comment