Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, February 9, 2012

Америкийг хөндлөн туулсан аялал VI хэсэг

Мэдээ оруулсан Цэрэндорж   
Лхагва, 16-11-2011 00:41


White sands NM /New Mexico/
www.nps.gov/whsa/index.htm

Аялалын цуврал тэмдэглэлийн өмнөх дугаарт дурдагдсан 4 Corner цэгээс “болж” дээр нь Колорадо муж дахь хадны энгэр дэх байр байшинг Mesa Verde паркт “хангалттай” үзсэн тул Monument Valley-аас 191-р замаар урагшаа Аризона орж Gila Cliff Dwellings, Canyon de Chelly National Monument-ууыг үзэх байсан замын төлөвлөгөөгөө өөрчилж урагшаа Navajo уугуул америкчуудын эзэмшлийн нутгийн хуучнаар U.S 666 зам буюу одоогийн 491-р замаар цагаан элсний цөл рүү хөдөлсөн билээ. Христийн шашинтнуудын чөтгөрийн тоо болох 666-р нэрлэгдсэн, дээр нь замын осол их гардаг, замын тэмдгүүд их хулгайлагддаг байсан зэргээс хүмүүс муу ёрын зам буюу "Devil's Highway" гэж нэрлэж тойрохыг боддог байснаас үндэслэн уг зам дайрч өнгөрдөг мужууд болон нутгийн уугуул америкчуудын ядуурлыг бууруулах үүднээс омгуудын зүгээс санаачлан 2003 онд нэрийг өөрчилсөн юм байна. 1997 онд энэ зам Америкийн хамгийн аюултай 20 замын нэгэнд орж байсан тул зөвхөн нэрийг нь солиод зогсохгүй аюулгүй байдлыг нь сайжруулснаар осол эндэгдэл эрс багассан аж.

Цагаан элсний цөл нь Америкийн анхны цөмийн зэвсгийг туршсан газар бөгөөд одоо ч пуужин, цэргийн зэвсэг хэрэгслэлийг туршдаг идэвхтэй цэргийн бааз, NASA-н туршилтын төв ажилладаг. Анх цөмийн зэвсэг туршсан газраа “Trinity Site”-д жилд нэг удаа хүмүүсийг оруулж үзүүлдэг гэсэн нь 9 сарын эхний бүтэн сайн байсан билүү дээ. Тэр талаар мэдэхийг хүсвэл сайт руу нь орж хараарай. Ямартай ч туршилтыг үзэх гэж хийсэн өндөр цамхагнаас ердөө хайлсан тугалга үлдсэн зургийг тэнд олж харна.

Манай Америк өвөөгийн ярьж байснаар цөмийн зэвсгийн хүч чадлыг бүрэн гүйцэд мэдээгүй байсан тул анхны туршилт хийхдээ хүмүүст үзүүлэх билет хүртэл зарсан гэж ярьж байсан. Ямар айхтар зэвсэг бүтээснийг дэлхий даяар удалгүй мэдсэн билээ. 
Бид энэхүү цагаан элсний цөлийн урд хэсэгт байрлах White Sands monument-д очиж цагаан элс барьж үзэх, мөн “White Sands Missile Range Museum” буюу пуужин зэвсгийн музейг үзэх төлөвлөгөөтэй байлаа.

Эдгээрт хүрэхийн тулд томхон зам болох 25-аар давхиж америк мексикийн хилээс 40 бээр орчим зайнд орших Las Cruces хот уруу дөхөж явтал зам дээр том том гэрэл чийдэн, аппарат байрлуулсан байсан нь жаахан гайхал түрүүлэв. Тэгээд удалгүй замын нөгөө урсгалд машинуудыг зогсоож шалгаж байгаа харагдлаа. За юу л болов даа гэж гайхсаар очих газар руугаа хүрэх 70-р зам уруу эргэж ороод удаагүй байтал бүх машинуудыг зогсоож шалгаж байна.


Гэтэл энэ нь цагаачлалын албаны шалгалтын цэг байсан бөгөөд хил дээр л ийм цэг байдгаас америкийн нутаг дотор цагаачлалын албаны шалгах цэг байдаг гэж бодоо ч үгүй явсан билээ. Мексикийн хилийн ойролцоо том замууд дээр цагаачлалын албаны цэгүүд ажилладаг талаар муж хооронд алсын тээвэр хийдэг тракны Монгол жолооч нар маань анддаггүй юм билээ. Тэдний шалгалтын аппарат нь машиныг гаднах доторгүй нэвт зургийг нь авдаг гэж манай хотын жолооч Эрка хэлж байсан.
Энэхүү цэг дээр зогсох үед замын нөгөө талд хэдэн латин америк гаралтай хүмүүсийг гавлаад суулгасан байхыг хараад хэн нэгний аав нь, нөхөр нь эсвэл хүү нь ажил хийж мөнгө олохоор өглөө гараад л баригдаж ингээд нутаг уруугаа ачуулах болж байгаа даа гэж бодохоор өрөвдмөөр байлаа. Биднийг цонхоо онгойлмогц ажилтан нь хэдэн асуулт тавиад явж болно гэлээ. Ийнхүү “адал явдлаар дүүрэн” явсаар зорьсон газраа ирлээ.

Энэ музей хэдийгээр олонд нээлттэй боловч цэргийн баазад байрладаг тул хүмүүсийн бичиг баримтыг нарийн үзэж оруулж байлаа. Бид машинаа гадаа нь тавиад, ID-гаа үзүүлээд дотогшоо орлоо. Эндхийн байр байшин болон тэнд ажилладаг хүмүүсийн зургийг авахыг хориглосон ба бидний аппаратаараа ямар зураг авсныг үүдний цэрэг нь шалгаж байсан. Том жижиг төрөл бүрийн нь л пуужин байна. Эх хүний нүдээр бол бүгд ялгаагүй зэвсэг л харагдаж байлаа. Хамгийн анхаарал татсан нь “Fat man bomb” гэдэг Японд хаясан бөмбөгний прототайп буюу анхны загварыг тавьсан байлаа. Энэ нь хэдийгээр жижиг машинаас томгүй хэмжээтэй ч ямар их хэмжээний гай гаймшгийг авчирсныг бодохоор цөмийн техник технологийн талаар сөрөг сэтгэгдэл төрүүлж байлаа.

Бид цаашаа White Sands national monument уруу хөдөллөө. Хэрэв пуужингийн туршилтын төвүүдэд долоо хоногт 1-2 удаа /1-2 цаг үргэлжилдэг гэсэн/ пуужингийн туршилт хийгдэх үед энэхүү парк нь хаагддаг гэсэн тул та бүхэн энд ирэхээр төлөвлөж байгаа бол өмнө нь сайт уруу нь орж шалгахад илүүдэхгүй байх. Бид ч эхлээд зүгээр орж харчихаад л явах төлөвлөгөөтэй байсан ч үнэхээр үзүүштэй гоё газар байсан тул тэндээ оройн хоолоо идэж, хаатал нь байлаа.

Элсийг нь цагаан гэхээр Калифорний Carmel-by-the sea-ийн цагаан гэж нэрлэгддэг элс шиг л цайвар шаргал л байх болов уу гэж төсөөлж байснаас ч илүү цав цагаан элсэн чихэр шиг гэж бодоогүй байсан юм. Хурын усыг шингээж барьдаг, дээр нь нарны элчийг ойлгодгоос аагим халуун өдөр хөл нүцгэн алхахад халуун биш сэрүү татаад гоё юм билээ. Хүүхдүүд маань ч сайхан гулгаж тоглож авсан. Хэрэв та хүүхдүүдтэйгээ ирвэл гэрээсээ чарга авчрах, эсвэл цасан дээр гулгадаг хавтгай пластик чаргыг паркийн үүдний дэлгүүрээс 15 доллар авч элс манхан руугаа ирвэл зүгээр юм билээ.

Пикникийн саравч нь харь гаригийнх шиг цагаан элсэндээ тохируулаад хийсэн нь их зохьсон байна лээ. Манда зураг авч байхдаа тэмээ хөтөлсөн 2 хүн явж байхыг хараад оруулсан нь их сонин зураг болж чадсан. White Sands элсэн цөл нь нийтдээ 275 бээр хавтгай дөрвөлжин талбайтай, дэлхийд хамгийн томд орох Gypsum гэж нэрлэгддэг минерал-элсэн манхнаас тогтох геологийн өвөрмөц тогтоц юм. Мөн хэмжээгээрээ төдийгүй доошоо нэлээд гүнзгий гэж бичсэн байв. Манхнуудын хооронд нам хэсэгт доошоо 30 бээр хүртэл ухахад нь цагаан элс гарч ирдэг аж. Ойролцоогоор эндхийн Gypsum элсний нийт хэмжээг 4,5 тэрбум тонн гэж тооцоолсон байна. Gypsum-ыг бидний хэрэглээнд олборлодог бөгөөд шүдний оо, шоколад, пиво, тофү зэрэг бүтээгдэхүүний орцонд ордог аж. Мэдээж дархан цаазтай паркийн элс тул эндхийн элсийг олборлодоггүй, хамгаалалтанд авсан тул “улсын өмч тул багаар ч гэсэн авч явахыг хориглоно” гэж бичсэн байсан. Гэхдээ биднийг орой хувцсаа солиход хармаан сав, гуталнаас санаандаггүйгээр “олборлосон” элснүүд асгарч байлаа.
Тэндээс орой хөдлөөд олон хоног цөлөөр явсныг хэлэх үү соёлжсон тохитой газар буудаллахыг хүсч байлаа. Ингээд New Mexico-ийн урд хэсэгт байдаг 400 мянга гаруй сарьсан бавгаахайн үүр болсон сонирхолтой тогтоцтой агуйнууд бүхий Carlsbad Cavern NP-аар очиж үзэх, хоноглох төлөвлөгөөгөөсөө татгалзаж мужийн хамгийн том хот болох Albuquerque-д буудал аваад өөрсдийн болон техник хэрэгслэлийнхээ хүчийг “сэргээж” авав. Энэ хотод агаарын бөмбөлөгийн шоу их болдог, маш олон компани энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.  





Hot Spring NP /AZ/
www.nps.gov/hosp/index.htm

Буудалд сайхан унтаж амраад цаашаа 40-р замаар Арханзас мужийн цорын ганц дархан цаазат парк болох Hot spring буюу “Халуун рашаан” нэртэй парк уруу хөдөллөө. Замдаа Texas-ийн замын амралтын цэг дээр Лос Анжелес хотын монголчууд нийлж байгуулсан өөрсдийн компанидаа /Azura/ машин ачдаг трак барьдаг жолооч Монгол залуучуудтай тааралдаж сайхан танилцлаа. Хэдийгээр өглөө оройдоо монгол хоолообид бас өөрсдөө хийн идэж явсан ч гэрийн нарийн хоолоо санасан биднийг гэрийн амттай хуушуур, халуун цайгаар дайлж, ачааны том машин дотор анх удаа орж үзэж байгаа ах болон хүүхдүүдэд маань машин доторхоо үзүүлж танилцуулсан та бүхэнд их баярласан шүү. Та бүхний ажил үйлс, бизнес тань үргэлж өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье!
Сакраменто хотоор ойр өнгөрвөл манайхаар ороод гарч байгаарай. 

Бид Арканзас руу ороод Quachita ууланд байрлах Hot spring NP паркийн наахантай нуур, цөөрмийн дэргэд хоноглоод маргааш нь тэндээ хүүхдүүддээ усанд тоглуулж өнжөөд зорьсон газар уруугаа хөдөлсөн. Халуун рашаан, шавар зэрэг нь Америкчуудад эмчилгээ гэхээсээ илүүтэй гоо сайхан, амраах зориулалтын үйлчилгээ гэж сонсогддог ч Монголчуудын хувьд ардын эмчилгээний хэлбэр тул би их л сонирхож ирсэн билээ. Иймээс Hot spring NP паркыг аяллын төлөвлөгөөдөө багтаасан төдийгүй рашаанд нь “суугаад” авах санаатай очлоо. Биднийг очиход усанд оруулдаг газрууд нь хаасан байсан тул аяллагчдын буудалдаа майхангаа босгоод хотоод жаахан явж үзэж сонирхлоо. Америкийн ерөнхийлөгч байсан Клинтоны төрсөн нутаг бөгөөд жуулчдад зориулсан худалдаа, үйлчилгээ, үзмэрүүд, цэргийн сувиллын газрууд, морин тойруулгын уралдааны алдартай талбайтай газар юм байна. Хотынхоо төв гудамжинуудад нийтдээ рашааны 9 крант байруулснаас 6 нь халуун, 1 нь хүйтэн, 1 нь халуун рашааныг хөргөж гоожуулдаг крантнуудтай ба уг гарч буй рашааны орцын талаарх мэдээллийг хажууд нь хадсан байлаа. Бид хэд ч ус авалгүйгээр усныхаа савыг рашаанаар дүүргэж ууж явлаа. Гудамжийг нь их, бага хэмжээний халуун, хүйтэн рашаан-оргилуурууд нь бас чимжээ. 


Анх 1803 онд АНУ “Louisiana Territory” нутгийг Францаас худалдан авахад энэ хот багтаж Америкийн эзэмшилд шилжсэн бөгөөд жилийн дараа ерөнхийлөгч Thomas Jefferson судалгааны хэсгийн явуулснаар эдгээр рашаан нийтийн сонорт хүрсэн байна. Үүний улмаас жилээс жилд ийшээ ирэх ыүмүүсийн тоо олширсон тул 1832 онд уг паркийн 4 хэсэг газрын улсын хамгаалалт авч нөөцөлсөн байна. 1902 он гэхэд уг газар Европын амралтын хотуудтай өрсөлдөхүйц нэр хүнд бүхий баян амрагч, сувилуулагч нарын дуртай чиглэл болсон ба зарим эмч нар зарим өвчтөнүүддээ энэд ирж рашаанд орохыг зөвлөх болсон байна.

Ууландаа нийтдээ 37 ширхэг халуун рашааны ундрагатай гэсэн ба уг амралтын хотын 216 тохой өндөр ажиглагч цамхаг дээрээс /7 доллар, 1 долларын хямдралын купоныг сэтгүүлээс аваарай/ нь харахад модон дотор энд тэнд уур савсаж харагдана лээ.

Fordyce Bathhouse гэдэг хуучны рашаан ванны үйлчилгээний газрыг музей болгосон ба үйлчилгээний өрөөнүүдийг харахаас гадна одоогийн рашааны үйлчилгээг үзүүлсэн киног гаргаж байсан нь аль руу нь орохоо сонгоогүй байсан надад “туршлага” судлахад хэрэг болсон билээ. Энэ хотын эгнэж жагссан олон bathhouse-уудаас ердөө 2 нь л spa маягийн халуун рашааны үйлчилгээг хүмүүст үзүүлдэг юм байна. Үүний нэг болох Quapaw Bath and Spa-д ганцаараа рашаанд ваннанд ороход 30 доллар, хоёулаа бол 45 доллар, нийтийн рашаан бассейнд нь ороход 18 доллар тус тус үнэтэй гэж гарын авлага дээрээ бичжээ. Нөгөө нь Buckstaff халуун рашааны газар нь яг дээр үеийнхээрээ үйлчилгээг үйлчилдэг гэсэн тул би тийшээ сонгож орсон.

Та бүхэнд сонин байх болов уу гэж бодоод үйлчилгээнийх нь талаар нь товч танилцуулъя. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр лифтээр дээш гарч тусдаа үйлчлүүлэх ба надад үйлчлэх эмэгтэй өөрийгөө танилцуулаад намайг дагуулан хувцас солих өрөөнд аваачаад хувцсаа тайлж дуусмагц, хувцасны шүүгээний түлхүүрийг гарт минь зүйж өгөөд том цагаан даавуугаар биеийг маань ороож дараагийн өрөөнд аваачив. Энэд халуун рашаантай ваннд оруулсан ба хэдэн доллар илүү төлснөөр худалдаж авах бие угаагчаар /өөрөө гэр үрүүгээ авч явж болно/ нурууг маань үрж өглөө. Крантнаас аяганд халуун рашаан хийж намайг “дайллаа”. Халуун рашаантай ваннд 20 минут булхуулсны дараа үйлчлэгч эмэгтэй ирж даавуугаар ороож босгоод vapor cabinet гэж нэрлэх эргэн тойрныг гялгар төмрөөс битүүлсэн доороос нь халуун рашааны уур оргилох ваннан суудал дээр суулгав. Энэд хүмүүсийн зөвхөн толгой цухуйж харагдах ба ам уруу хүйтэн рашаан уулгаж үйлчилж байлаа. Үүний дараа “hot pack” үйлчилгээг авах ба оронд дээр хэвтүүлж аль өвдөж байгаа газраа хэлж халуун рашаанд дүрсэн алчуураар ороож өгөхийг хэлж байгаа юм. Алчуур хөрөхийн алдад үйлчлэгч ирж “needle shower” гэдэг тал талаас шүрших шүршүүрт 2 минут оруулснаар үйлчилгээ дууссан ба хэрэв массаж захиалсан бол үүний дараа массажаа хийлгэж аж. Эндээс бие сайхан амарсан ба гарахад биеэ сайн хөрсний дараа байшингаас гараарай гэж үйчлэгч эмэгтэй зөвлөж байлаа. Надад ч сайн эмэгтэй таарсан бололтой. Харин манай нөхөр Мандад үйлчилсэн хүн зарим үйлчилгээг хагас дутуу хийсэн байснаас үзэхэд үйлчилж байгаа хүнээсээ үйлчилгээ нь шалтгаалдаг болох нь харагдаж байлаа.

Энэ хотын www.hotsrings.org сайтаас болон үнэгүй тараагддаг сэтгүүлээс нь рашаан усанд орох төлбөрийн болон хотын зарим үйлчилгээний үнийн хямдралын купоныг ашиглаж болно. Gulpha Gorge Campground гээд аялагчдын буудал маш сайхан байгальтай газар байршсан ба төлбөрөө шууд машинаар хийж болдог нь бас таалагдсан билээ. Аялагчдын буудалд зарим хүмүүстэй танилцахад өөр өөр мужаас жил бүр зорьж ирж энэд рашаанд ордог хүмүүс байсан. Олон хоногоор ирж байгаа хүмүүс зарим нь өдөр бүр үнэтэй spa үйлчилгээг авдаг нь юу л бол. Миний таамаглаж байгаагаар уулан дээрээ хүмүүс өөрсдөө орж болдог рашаан бассейн байдаг болов уу. 
Үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment