Harmony, Minnesota – Amish /Амиш/ коммунити
Бид
Чикаго хотоос хөдлөхдөө 80-р зам уруу орчихсон тул South Dakota муж
хүрэх 90-р хурдны замд орохын тулд орон нутгийн жижиг замаар хэсэг
давхиж Iowa мужийг жаахан “шүргээд” л Minnesota мужийн нутагт ороод
ирлээ. Амьд GPS-ийн үүрэг гүйцэтгэгч миний бие энэ удаа алдаа гаргаж
холын аянд удаан жолоо барьсан “жолооч”-ынхоо дургүй хурд багатай орон
нутгийн жижиг зам уруу оруулсан нь бидэнд сайн муу 2 зүйлийг авчирсан
юм.
Муу нь гэвэл хурдны хязгаар 55 бээртэй зам
дээр 65-тай явж байгаад цагдаад торгуулсан нь нийтдээ 10 гаруй мянган
бээр аялахдаа гаргасан цорын ганц замын зөрчил болсон. Харин сайн тал нь
гэвэл биднийг аялалд гарахыг сонсоод Цэрэндорж ах - Та нар Амиш
хүмүүсийн аж төрдөг газраар дайрч сонирхоод гараарай хэмээн онцгойлон
захиж байсан тул замын нөгөө талд Амиш морин тэрэг өнгөрөх үед хаана
хүрээд ирсэнээ мэдэж боломжийг ашиглаж тэдний амьдралтай танилцахыг
хүссэн билээ.
Энэ бол Minnesota мужийн Harmony гэдэг жижиг хот
байсан бөгөөд хотын төвийн гудамж дахь аялагчдын төв дээр зогсож
мэдээлэл авлаа. Тэнд бидэнд Amish Tours of Harmony гэдэг төлбөртэй аялал
/хүний 25 доллар байлуу даа/, эсвэл өөрсдөө явж үзэхээр бол зам заасан,
тайлбартай CD 45 доллараар худалдан авч /CD-ээ буцааж өгвөл 20
долларыг нь буцаан авах/ үзэхийг зөвлөлөө. Бид гол гудамж дахь Амиш
фармер маркет дээрээс талх, pie, жимс, самар авцгааж паркт тухлан сууж
үдийнхээ хоолыг идэцгээн цааш хэрхэх төлөвлөгөөгөө ярилцав.
Худалдаа хийж байгаа хүмүүстэй ярилцахад тэд их л “nice” байсан,
дээр нь аялагчдын төв дээр Амиш хүмүүсийн гэрээр зочлоход дургүйцдэггүй
гэсэн тул мөнгөө хэмнэж өөрсдөө явахаар шийдэж бидний тэндээс худалдан
авсан зүйлийн баглаа сав дээр байсан хаягнуудыг GPS-дээ оруулаад
хөдөлсөн ч техник технологийг үздэггүй тэдний хаяг яаж гарч ирэх вэ дээ.
Хий дэмий эзгүй замаар давхиж байгаад буцаж ирээд нөгөөд CD-г худалдан
авснаар гайгүй сайн газарчтай болж авлаа. СD-г тоглуулж эхэлснээр - Одоо
бээр хэмжигчээ нойлло, яг 5 майл яв, одоо баруун тийшээ эргэ! ногоон
хаалгатайы хашаа бол мистер тэднийх... гэхчилэн зам заахын хамт Амиш
хүмүүсийн түүх, заншлын талаар нэлээд мэдээллийг бидэнд өгсөн.
Амиш
хүмүүсийн түүх, заншлын талаар товч өгүүлбэл: Amish-үүдийг 15-р зууны
эхээр Швецарит үүссэн Католаги сүмээс тасарсан Jakob Ammann гэдэг
толгойлсон Anabaptists шашины урсгалаас гаралтай гэж үздэг ба тэднийг
“one who baptizes again” буюу хүүхдийг ухамсар суугаагүй хэт бага насанд
нь “baptize” хийдэг тул насанд хүрэхэд нь дахин хийх хэрэгтэй гэж үздэг
хүмүүс гэж нэрлэж байсан байна. Энэхүү үзэл бодлын зөрүү нь Anabaptist
хэт радикал бүлгүүдийг ЗГ болон олон жил тогтносон сүм хийдийн эсрэг
харигслал үйлдэхэд хүргэсэн ба үүний улмаас нийт Anabaptist-ууд ЗГ, сүм
хийдийн зүгээс мөрдлөг хавчлагад ороход хүргэсэн байна. Америкийн
амишүүд 17-р зууны үед Голландын Menno Simons гэдэг хүний удирдаж байсан
Mennonite Amish гэдэг групээс үүсэлтэй гэж CD-нд өгүүлсэн ба тэд Европ
дахь шашины хавчлага мөрдлөгөөс зугтаж эрх чөлөө хөөж Америкт ирцгээсэн
ажээ.
Толь бичгээс харвал тэд Америкийн
Alabama, Delaware, Illinois, Indiana, Iowa, Kansas, Kentucky, Michigan,
Minnesota, Mississippi, Missouri, Montana, Nebraska, New York, Ohio,
Maryland, Tennessee, Wisconsin, Maine мужууд болон Канадын Ontario-д
тархан суурьшжээ. Ихэнх амишүүд одоо ч гэсэн орчин үеийн ихэнх техник
технологийг хэрэглэхгүйгээр энгийн амьдралаар амьдардаг бөгөөд морь,
морин тэргээр ийш тийшээ унаа хийнэ. Гэхдээ бидний очсон нэг айлын хүн
Мексикт очиж үзсэн гэж ярьж байсныг бодоход ямартаа ч холын замд өөрсдөө
“чөтгөрийн” гэж нэрлэх онгоц, машиныг хэрэглэдэг л бололтой.
Тэднийг
гаднаас нь харвал бүгд л адилхан эрт дээр цагийнхаа ижил төрлийн бараа
өнгийн хувцсаар хувцаслаж, малгай тавьсан, сахал үсээ ургуулсан нь 19-р
зууны үеийн жүжиг, киноны баатрууд мэт харагдах нь өдөр тутмын аж
байдалд нь гүнзгий нэвтэрсэн шашины нөлөө нь тэдний хувцаслалт, амьдралд
хийх сонголтуудад нь туссаных юм. Тэдний хувцас аль болох энгийн байх
ёстой, техник хэрэгслэлээс илүүтэй мал амьтныг ашигладаг зэрэг нь
тэднийг материализм, бараа таваар, тансаглалаас хамааралтай, шуналтай
болохоос сэргийлэх зориулалттай юм байна. Тэд эмэгтэй хүмүүсийг үсээ,
эрэгтэй хүмүүсийг гэрлэмэгцээ сахлаа хусахаа больж ургуулахыг Библид
заасан гэж үздгээс ийнхүү үс, сахал элбэгтэй харагддаг юм билээ. Ихэнх
эрэгтэйчүүд нь урд үсээ хөмсөгнийхээ дээгүүр тэв тэгш хайчилсан нь
тэднийг малгайгүй үед “сонин” харагдуулж байсан.
Манай
хөтөч CD маань биднийг гар урлал, жимс ногоо, модон эдлэл зэргийг хийж
бага хэмжээгээр зарж /автобусны аяллууд нь багтаамжаасаа шалтгаалаад
томхон хэмжээний шоптай айлуудаар явдаг бололтой/ амьдралаа авч явдаг
айлуудаар газарчилсан ба тэдний гадаа “sale’ тэмдгийг өлгөгдсөн эсэхийг
хараад хэрэв өлгөөтэй бол орж болно, байхгүй бол зогсож болохгүй гэж
ойлгуулсан юм. Бидний хөтөч хамгийн түрүүнд тэдэнтэй ярих, хандахдаа
сонгож авсан шашин, үзэл бодлыг хүндэтгэж үзэх, тэднийг доромжилсонд
үздэг тул зураг дарахгүй байхыг анхааруулсан.
Манай хөтөчийн
тайлбарлаж, миний ойлгосноор Библийн сургаальд /уг нь тэдийн тэд гээд
тодорхой хэлсэн боловч би тогтоогоогүй/ өөрийн дүр зураг, тусгалаа
үлдээх ёсгүй гэсэн утгатай заалт байдгаас зургаа авахуулдаггүй, тоглодог
хүүхэлдэй нь хүртэл нүүргүй байдаг, мөн гэрт нь ямар ч толь байдаггүй
юм байна. Эрэгтэйчүүд нь харин сахлаа хусах зориулалттай жижиг тольтой
байж болдог гэнэ.
Тэд гэртээ Германаар ярьдгаас
ихэнх хүүхдүүд сургуульд ортлоо Англи хэл мэддэггүй тул тэднээс юм
асуувал дуугарахгүй байж магадгүй гэж бас сануулсан юм.
Амишүүд
дээгүүр боловсролыг тэгтлээ үнэлдэггүй бөгөөд хүүхэд 6 наснаас 8 анги
хүртэл сурахад амьдралд хэрэгцээтэй академик боловсрол болох 4 R буюу R
дуудлага орсон үгс: reading, writing, arithmetic, religion /унших,
бичих, тоо бодох, шашин шүтлэг/-ийг хангалттай авч чадна гэж үздэг.
Хүүхдүүдээс нь ахлах сургуульд орсон хүүхэд бараг л байдаггүй гэсэн.
Дээр үед хүүхдээ ахлах сургуульд оруулсан хосыг коммунитигаараа
шүүмжилж, хавчиж улс даяар шуугиан дэгдээж байсан юм билээ. Тэд өөрсдийн
коммунитигийн 1, 2 өрөө бүхий сургуульдаа хүүхдүүддээ сургах ба сайн
сурч байсан, гэрлээгүй эмэгтэйчүүд багшилдаг гэсэн.
Бидний
хамгийн эхний айлын гадаа ирэхэд нөхөр нь болон хүүхдүүд нь угтан
авлаа. Henry модоор юм хийдэг, заримдаа захиалгаар томоохон модон эдлэл
хийдэг гэсэн бол эхнэр нь Amanda, варень зэрэг шилтэй ногоо жимсээ
зарахаар тавиур дээр тавьжээ. Манай манай нөхөр Мандаа нөхөртэй нь
мэргэжил нэгтэйгээ “ашиглаж” мод, багажны талаар яриа эхэлж сүүл рүүгээ
мал, тэжээл, сүү гээд л явж өгөв. Бид түүнээс зарах түүхий сүү асуусанд
аавынхыгаа зааж өгөөд тэднийхээс асуу гэлээ. Би тэднийхээс хүнд бэлгэнд
өгвөл зүгээр гэж бодоод модоор хийсэн үзэг харандааны сав 5 доллар,
варень 2 доллараар авлаа. Бидний гарах үед Henry худаг, хадуур, морин
тэргэнд хөллөдөг өвсны хамуур зэргээ үзүүлж, өвсөө гараараа хаддагаа
бахархсан маягтай ярьж байлаа. Мандаа ч өлгөж аваад Монголд ингэдэг,
тэгдэг гээд бараг л “төрөл садан” болох нь холгүй салцгаалаа. Техник
хэрэгсэл хэрэглэх дургүй гэх тэднийд нэлээд сүүлийн үеийн цахилгаан
багажнууд хэд хэд байгааг үзсэнээ Мандаа замдаа бидэнд хэлж байлаа.
Тэгээд
Henry “найзынхаа” аавынд очиж аавтай нь танилцаад сүү авах гэж
байгаагаа хэлэхэд эхнэрээсээ асуугаадахья гээд гэр үрүүгээ орлоо.
Удалгүй пластик сав барьчихсан гарч ирээд үнээнийхээ байр уруугаа
дагуулж орлоо. Тэнд 4, 5 ширхэг 40 битоны хэмжээний савтай сүүг усанд
дүрж /бодвол хүйтэн зоорь маягийн сэрүүн байр байх/ тавьсан байснаас
нэгийг онгойлгож бидэнд нөгөө саваа дүүргэж өглөө. Тэрээр мөн л гараараа
үнээгээ саадаг гэж бахархахад нь Америкчууд байсан бол “wow” гэх байсан
биз. Монголчууд бид нар яахав дахиад л манайх ч гэсэн гээд л эхэллээ…
Түүхий сүү 2 галлоныг нь $2.50-аар аваад хэдэн өдөртөө сайхан цай чанаж
ууна гээд мөстэй савандаа хийгээд авлаа. Дараа нь сүүгээрээ цай чанаж
уухад санасныг бодоход тийм ч сайхан сүү байсангүй. Бодвол сүүнийхээ
тослогийг нь авчихдаг бололтой.
Ихэнх айлууд
ижил “last name”-тэй байсан бөгөөд CD хөтөчийн хэлснээр тэд хоорондоо
төрөл садангууд биш юм байна. Дараагийн айл нь өндөг, ногоо зардаг
байсан тул орой хэрэглэх ногоо, өндөг авлаа. Үнийн хувьд гайгүй хямд
байсан тул /ихэнх ногооны багц нь 1 доллар/ нэмж авмаар байсан ч хол
замд явж байгаа тул больсон. Дараагийн айлуудын дамжин хүрээд зорьж
ирчихээд яаж зүгээр байхав гээд ногоо жимс, жимсний пирог, варень зэрэг
1, 2 юм авсаар хурдан хэрэглэх хүнс ихтэй болсон тул цаашаа айлуудаар
зогсохгүйгээр шийдсэн юм. Ер нь тэндээс худалдаж авсан ногоо жимсийг
органик, натурал хэмжээний сайхан амттай байх болов уу гэж бодож байсан ч
санаанд хүрээгүй.
Амиш айлууд нэлээд өнөр
олуулаа, нэг айл дунджаар 7 орчим хүүхэдтэй байдаг гэсэн. Тэднийгээ
хооллож хувцаслахад улсад ажиллаж, нийгмээс мөнгө авдаггүй тэдэнд хүнд
байдаг нь ойлгомжтой. Манай танил Америк хоёр хөгшний хэлснээр тэдний
хүүхдүүдээс зарим нь оргодог, тэжээх зардлыг нь хөнгөлдөг тул эцэг
эхчүүд нь ч гэсэн оргосон тэднийг тоохгүй орхидог гэж байсан. Мөн
аялагчдын төвийн ажилтны хэлж байснаар хаалттай нийгмээс хэт задгай
нийгэмд бэлтгэлгүй ордог тул оргосон хүүхдүүдийн амьдрал тийм сайн
байдаггүй. Ихэнх нь архи, хар тамхинд ордог гэж байсан.
Бидний
очсон айлуудын зарим нь хүүхдүүддээ хүнтэй уулзахыг зөвшөөрдөг, зарим
нь зөшөөрдөггүй бололтой. Жижиг хүүхдүүд төдийгүй 20 орчим насны гэмээр
нэлээд том хүүхдүүд биднийг гайхсан харцаар цонхны цаанаас, эсвэл
хаалганы цаанаас булталзах нь телевиз, кино амьдралдаа үзэж үзээгүй,
гэрээс холддоггүй тэд бодвол ази царайтай хүмүүсийг хараагүй байсных биз
гэж тааж байлаа.
Олон жилийн турш ахуй
амьдралын ийм хэвшил орчноо хадгалж байгаа тэдний үзэл бодлыг миний бие
шүүмжлэх эрхгүй ч үргэлж шинийг харж, мэдэх тэмүүлэлтэй хүүхдүүдийг
ийнхүү эргэн тойронд нь байгаа нийгэм, хөгжил дэвшилээс тусгаарласанд нь
эх хүний хувьд өрөвдөх сэтгэл төрж байлаа. Мэдээж тэдний амьдралын хэв
маяг амьдарч нийт нийгэмтэй үргэлж зөрчилдөж байдаг нь дамжиггүй. Наад
зах нь боловсрол, татвар, хууль ёс гээд л нийгмийн зүгээс биелүүлэх
ёстой шаардлага нь тэдний амьдралд дарамт болдог байх. Түүнчлэн Амиш
коммунитид дотроо өөрийн гэсэн асуудлууд зөндөө байдаг. Үүний нэг нь цус
ойртолтоос хамааралтай генетикийн өвчин, гэдэс дотрын өвчин нэлээд
түгээмэл байдаг гэж толь дээр бичсэн байна.
Насанд
хүрсэн хүүхдүүд хэрхэн гэрлэдэг талаар CD-д дурдсанаар 17 орчим настай
охид, хөвгүүдийг долоо хоногт 2 удаа нэгнийдээ цуглардаг ба энэ үеэс
эхлэн таалдагдсан охиныхоо гэрээр эрэгтэй хүүхдүүд зочилж эхэлдэг байна.
Тэднийг 2-уулахнаа уулзахыг зөвшөөрдөггүй ба тэдгээрийн харилцаа нэлээд
“serious” болсон үед нь гэрлэхийг зөвшөөрдөг байна. Хуримын зарыг
нууцалж байгаад хурим хийхийн 2 долоо хоногийн өмнө нийтэд тараадаг
байна. Хурим хийхдээ тариа, ногооны ажлын хамгийн гайгүй сарууд буюу
10-12-р сарын хооронд ихэвчлэн болдог аж. Хуримлаж байгаа эмэгтэйг
сүмийн ёслол, найранд дээр гээд 2 өөр палаж /зөвшөөрөгдсөн ногоон, хөх,
улаан хүрэн өнгөтэй/ өмсөхийг зөвшөөрөх ба хуриман дээр хосууд
тэврэлдэх, үнсэлдэхийг хориглодог аж.
Манай
CD хөтөчийн тайлбарласнаар бидний очсон айлуудыг “Old order Amish” буюу
хуучнаа нарийн баримталсан хүмүүс гэсэн бөгөөд арай орчин үеийн
амьдралын хэв маягтай “new order Amish” гэсэн урсгал байдаг юм байна.
Тэдгээр “шинэ” амишүүдийн зарим нь машин жолоодож, орчин үеийн техник
хэрэгслэж, нийгмийн харилцаанд илүү чөлөөтэй оролцдог гэнэ. Ялангуяа
Mennonite чиглэл нь илүүтэй орчин үеийн хэв маягтай амьдралаар
амьдрардаг гэж хөтөч маань тайлбарласан. Гэхдээ “Old order Amish”-ын
хувьд гэр бүлийн “имиржинси” үед болон тусгай шаардлагын улмаас техник
хэрэгсэл, эм тариа, орчин үеийн үйлчилгээг авахыг зөвшөөрөх ба хэрэглэж
дуусмагц хуучин өдөр тутмын хэвийн амьдралдаа буцаж орох ёстой аж. Мөн
“Old order Amish”-ууд өөрсдийн сонголтоор “тавлаг” байдлаас хамааралтай
болохгүйн тулд цахилгаан тогтой холбогдоогүй байдаг ч аюулгүйн болон
эрүүл ахуйн хэрэгцээ шаардлага, хуулийн үүднээс генератороор сүүгээ
хадгалах хөргөгч-зоорь, сүүний машин, зарим техик хэрэгслэлээ
ажиллуулдаг гэсэн нь манай “найз” Henry-д цахилгаан багаж байсныг
тайлбарлаж байна.
Тэр хавийн ихэнх айлд мотортой угаалгын
машинтай /яг ямар машин болохыг ойлгоогүй/ гэсэн. Харин тэдэнд жирийн
хөргөгч, хөлдөөгч аяга угаагч, ус халаагч зэрэг техник байхгүй ба мөстэй
савыг ашиглаж хоол хүнсээ хадгалдаг юм байна. Тэд өвөл цугуулсан мөсөө
зоорь савандаа хийж үртсээр бүтээснээр мөс нь хайлалгүй өвөл хүргэдэг
гэсэн. Тэдний ихэнх нь хувийн бизнестэй тул банкны үйлчилгээ авдаг аж.
Тэд зөвхөн зугаа цэнгэлийн чиглэлтэй амралт, аяллаар явдаггүй бөгөөд
харин төрөл садныдаа айлчлах, тэгэхдээ тухайн газрын байгалийн
үзэсгэлэнт газрыг үзэхээр зорчихыг зөвшөөрдөг юм байна.
Бид
хэд нэлээд олон Амишүүдтэй Niagara хүрхрээн дээр тааралдсан нь тэд
зөвшөөрөгдсөн “зугаа цэнгэлээ” хийж явсан хэрэг байхнээ. Ийнхүү гүнзгий
шашин шүтлэгтэй амишүүдэд сүм гэж тодорхой барилга байдаггүй бөгөөд нэг
нэгнийхээ гэр, ажлын байр, хашаа саравч зэрэгтээ бурханыхаа ёслол,
залбирал зэргээ үйлддэг нь хүмүүсийн гайхшлыг төрүүлдэг. Энэ нь хэд
хэдэн шалтгаантай юм байна. Юуны түрүүнд тэдний энгийн аж амьдралтай
холбоотой буюу сүмийн үйл ажиллагаа энгийн байх ёстой, хүмүүс өөрсдөө
сүм юм, хүмүүс хаана уулзана тэнд сүм байдаг гэж үздэг болон хэдхэн
цагаар ашиглахын тулд тусгайлан барилга байгууламжид барих нь бурханы
итгэж олгосон нөөцийг бүрэн дүүрэн ашиглаагүй нь шинж үздэг зэрэг
шалтгаантай байна. Нөгөө талаас тэдний үүх түүхтэй холбоотой. Тэд
католик сүм хийдээс тусгаарласан үедээ хавчлага мөрдлөгийн улмаас
нууцаар нэг нэгнүүдээ болон эзгүй байр савыг ашиглаж уулзаж ном үйлээ
гүйцэтгэдэг байсан нь үлдэж хоцорсон хэрэг аж.
Амиш
коммунитигээс том хүүхдүүд гэлтгүй цөөн тооны том хүмүүс гадагшаа
нийгэм руу буюу тэдний нэрлэдгээр “English” нийгэм үрүү явдаг ба тэднийг
хөөгдсөнд тооцдог аж. Хэдийгээр тэднийг гэр бүлтэйгээ холбоотой байхыг
зөвшөөрдөг ч “бузартсан” гэж үздэг тул гэр бүлийн бусад гишүүдийг нэг
ширээнд хамт суух, гараас нь юм зэргийг хориглодог юм байна.
Ийнхүү
бид Америкийн хэсэг болсон нэгэн сонирхолтой коммунититай аж байдал
түүхтэй амьдрал дээр нь танилцаж нэг өдрийг өнгөрөөхдөө тэднийг
гомдоохыг хүсээгүй тул цөөхөн зураг авсан, хүмүүсийн яг урдаас нь харж
зураг аваагүй ээ. Айлуудаас хөдлөөд буцаж Harmony хотод ирээд Мандаа
сонирхсон тул хуучны ховор эдлэлийн mall-оор нь болон амиш модон
эдлэлийн дэлгүүрээр орж, Hobo camp гээд дээр үед энэ хотоор галт тэрэг
дайрч өнгөрдөг байх үед галт тэргээр гэр орноо хийдэг байсан Hobo-чуудад
зориулсан хүний хэмжээний том хөшөөнүүдийн дэргэд зогсоод цаашаа
төлөвлөгөөт аялал уруугаа орцгоолоо.
|
No comments:
Post a Comment