Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, February 9, 2012

Америкийг хөндлөн туулсан аялал IV хэсэг

Мэдээ оруулсан Цэрэндорж   
Мягмар, 25-10-2011 17:53


Canyonlands NP. The Island in the Sky

Хэмээх энэхүү үндэсний дархан газар Green, Colorado голоор "Тhe Island in the Sky", "Тhe Maze", "Тhe Needles" гэсэн 3 хэсэгт хуваагддаг бөгөөд бид энэ удаад "Тэнгэр дэх арал", "Зүүнүүд" хэсгийг нь үзсэн. Maze гэгч нь хүрч очход хэцүү бартаатай замтай тул 4 дугуй зэрэг “мааждаг” машинтай “хүнд” аялагчид л зорьдог юм билээ. Уншигч та энэ газрын байгалын ерөнхий төрх байдал Холийвүүдийн "127 hours" хэмээх кинонд тодорхой гардагийг санаж байна уу? Тэр киног Maze ууланд авирч байгаад нэг гараа хаданд хавчуулан сугалаж чадахгүй болж аргагүй байдлаас амиа аврахын тулд гараа тасдсан нэгэн залуугийн эмгэнэлтэй үнэн түүхээр сэдэвлэн хийсэн гэдэг. 

Үзэх гол зүйлс:
- Аялагчдын төв /visitor center/. Паркийн тухай кино, мэдээлэл, газрын зураг, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр.
- Гол үзэх газрууд нь Green River Overlook, Candlestick Tower, Buck Canyon, Grand View Point харах цэгүүд болно. Эдгээр нь машины паркнаас холгүй тул нэг их алхах шаардлагагүй. Хэдхэн цагийн дотор уг хэсгийг үзэж дуусгах боломжтой.

Цаг байгаа бөгөөд усаар аялах дуртай бол:
- Хүмүүс хавцлын ёроолоор төрөл бүрийн завиар Colorado, Green голын зөөлөн, ширүүн урсгалтай хэсгүүдээр усны аялал хийдэг юм билээ. Зарим аяллын зураг, бичлэгүүдийг харахад их гоё л харагдаж байсан. Завиа усанд тавих болон түрээслэх газрууд нь паркийн хойд хэсэгт Moab хотын ойролцоо байдаг гэсэн. Харин гол дагуу үйлчилгээний газрууд байхгүйг анхааруулсан байв.

Хамгийн таалагдсан нь: 
Mesa Arch- арк буюу нуман хаалга. Очих, буцах нийлээд ердөө хагас бээр орчим алхах явган аяллын замаар явна. Хавцлын ирмэг дээр орших энэхүү арк нь орчин тойрны байгальд уран зургийн хүрээ чимж харагдах болно.   

Анхаарах зүйл:
- Уг хэсэгт үйлчилгээний газрууд маш цаахан, шатахуун түгээгүүрийн газар байхгүй гэдгийг бодолцоорой. Цорын ганц /хөдөө эзгүй хэсгүүдэд бол өөр хоноглох газрууд байгаа/ аялагчдын буудал /camping site/ Willow Flat-д ширээ, мах шарах тор /grill/, жорлон бий ч ахуйн хоол хүнс унданд хэрэглэх ус байхгүй. 
- Зарим хэсэгт шороон замтай тул 4 дугуй зэрэг “мааждаг” машин хамгийн тохиромжтой юм.  Ерөнхийдөө зэлүүд газар тул хол газар явган аялахдаа ганцаараа явахгүй байхыг анхааруулсан байсан.



Arches NP

Өмнө нь хэдэн удаа ирж, явган аялал хийж байсан болохоор ерөнхийдөө хамт явсан ахдаа үзүүлэхээр дөнгөж дайраад л гарсан. Гоё хэлбэр дүрстэй босоо болон эгнэсэн хавтгай улаан хаднууд, байгалийн нуман хаалга буюу аркны цуглуулга болсон парк билээ.  

Үзэх гол зүйлс:
- Аялагчдын төв /visitor center/. Паркийн тухай кино, мэдээлэл, газрын зураг, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр.
- Паркт орж ирмэгц Park Avenue Viewpoint, La Sal mountain Viewpoint болон Three Gossips /хов жив яригч 3/, Sheep rock /хонин хад/, the Organ, Tower of Babel, Court House Viewpoint зэрэг хэлбэр дүрсээр нь нэрлэсэн хаднууд байгаа. 
- Ихэнх хүмүүс 3 гол газарт заавал зогсож үздэг. Үүнд: Balanced Rock, Delicate Arch /нийтдээ 3 бээр алхана. Мөн алхалгүйгээр холоос харж болно- Delicate Arch View Point./, The Windows /нийт 1 бээр алхана/.
- Паркийн the Windows Section хэсэгт Double Arch, parade of Elephants, Cove Arch, Ham Rock зэрэг бага зэрэг алхах, алхалгүйгээр холоос харах газрууд байгаа. 

Цаг байгаа бол:
- Devils Garden-аар явган аялал хийх. Ирж буцахын тулд нийт 7.2 бээр аялаж чадвал хүмүүсийн тэр бүр үзэж амждаггүй 8 аркыг үзэх болно. Богино зам  нь 1.6 бээр. 
- Уг паркийн хажууд байрлах Moab хот, түүний дотор Hole N’ the Rock буюу хад нүхэлж хийсэн өрөөнүүд бүхий айлын байр музейг үзэж сонирхоорой.   

Хамгийн таалагдсан нь: 
Fiery Furnace. Ханан хавцлууд дундуур алхах хүндэвтэр аяллыг паркын зүгээс өдөрт 2 удаа зохион байгуулна. Төлбөртэй. 3 цаг орчим үргэлжлэх уг аяллыг 4 өдрийн өмнөөс урьчилан онлайнээр бүртгүүлж болно. 5 хүртэлх насны хүүхдийг аялалд оролцохыг зөвшөөрдөггүй.

Анхаарах зүйл:
Ерөнхийдөө хүн их очдог парк. 3-10-р сарын хооронд, ялангуяа амралт, баярын өдрүүдээр замын бөглөрөл түгжрэл ихэсдэг тул ажлын өдрүүдээр болон зарим цэгүүд дээр өглөө эртлэн очихыг бодоорой. Фото зурагчид нар мандах үед хамгийн үзүүштэй цэгүүдийг хэдийн эзэлсэн байдаг.  


Canyonlands NP: Needles

Энэ хэсэг руу рчихын тулд 191-р зам руугаа буцаж орж давхиж байгаад 211-р замаар /35 бээр/ салж яваад хүрнэ. The Island in the Sky хэсгийн орох хаалгаас бараг 100-аад майл зайтай тул эхлээд Arch паркийг үзэж тэндээ хоноглоод маргааш нь бүтэн өдрийг зарцуулсан. Энд анх удаа ирж үзсэн бөгөөд үнэхээр үзүүштэй сайхан газар байсан. Энэ паркийг улаан, цагаан өнгө холилдсон зүү мэт босоо хаднуудаар нь нэрлэжээ. Биднийг хоноход шөнөдөө бороо орсон ч өдөр нь ихэвчлэн үүлтэй, хааяа нар гарч орж байсан ч азаар асгарсан бороо ороогүй.

Үзэх гол зүйлс:
- Аялагчдын төв /visitor center/. Паркийн тухай мэдээлэл, газрын зураг, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр.
- Гол үзэх газрууд нь Bigspring Canyon Overlook, Wooden Shoe overlook, харах цэгүүд болно. Pothole Point /нийт 0.6 бээр/, Roadside Ruin /нийт 0.3 бээр/ руу алхаж очиж үзнэ.

Цаг байгаа бол:
- Явган аялах. Elephant Hill /нэлээд бартаатай 3 бээр шороон замаар явж байж ууланд хүрнэ. Уулнаас цаашаа хүндэвтэр явган аяллуудыг хийх замуудтай/, Cave Spring /0.6 бээр - ковбойчуудын хоноглодог байсан агуй/ руу явган аялал хийж болно. 

Хамгийн таалагдсан нь: 
- Аялагчдын буудал Squaw Flat нь их гоё хэсэгт байрладаг юм билээ. Ундны устай.
- Newspaper rock гээд эртний индианчуудын зурж дүрсэлсэн тэр цагийн үйл явдлыг өнөөгийн сониниы мэдээлэлийн хэмжээнд төлөөлөх хадны зураг. Бодвол “Монголын нэг өдөр” уран зураг шиг өдөр тутмын амьдралын зургаа буулган үлдээсэн нь тэр болов уу. Ан амьтан, бөө, 6 хуруутай хөл гэх мэт олон янзын зурагнууд байсан.  

No comments:

Post a Comment