Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, February 9, 2012

Америкийг хөндлөн туулсан аялал V хэсэг

Мэдээ оруулсан Цэрэндорж   
Лхагва, 02-11-2011 20:52


Mesa Verde National Park
/www.nps.gov/meve/index.htm/

Очиж үзэхээр эртнээс төлөвлөсөн Юта мужийн паркуудаар орж дуусаад цааш давхисаар Колорадо мужийн өмнөд хэсэгт байрлах Mesa Verde National Park гэдэг Паубло /Puebloan/ уугуул Америкчуудын /индианууд/ манай эриний 600 оноос хойш 6 зууны турш сууршиж байгаад тодорхойгүй шалтгааны улмаас /зарим судлаачид ган гачигаас болоод нүүсэн гэж таамагладаг ч яг бүрэн тогтоогоогүй байгаа/ 13-р зууны үед орхин нүүсэн эртний хотын үлдэгдэл туурин дээр очсон юм. Паублочууд эргэн тойрныхоо уул хадан хавцлын энгэр бэлийн эгц талыг сонгон байгалийн бэлэн агуй мэт нүхлэгдсэн тогтоц хэсэгт байр сууцаа 
/cliff dwelling/ засаж амьдардаг байжээ. Учир нь эгц урд нөмөр талд тааруулан барьсан эдгээр оромж нь дайсагнагч омгуудын гэнэтийн довтолгоо, хойноос үргэлжид үлээх умардын хүйтэн ширүүн салхи шуурганаас хамгаалахын зэрэгцээ аагим зуны бүгчим халуунд ч үргэлжийн сэрүүн тав тухтай байлгахаар бодож хийгддэг байжээ. Энд очсон жуулчид эртний индианчуудын аж төрж байсан нүхэн гэрүүдээс эхлээд дотроо хэд хэдэн өрөө бүхий нэлээд соёлжсон шавар тоосгон барилга байгууламж /600 гаруй/, залбирал мөргөлөө үйлдэж байсан нийтийн байр, мөн тэр үед хэрэглэж байсан төрөл бүрийн багаж хэрэгсэл, сав суулгын үлдэгдлийг үзэж сонирхож болно.

Дээд тэнгэрээс гаралтай гэгддэг Монгол хүн надад өөрсдийгөө доод тивээс ирсэн гэж үздэг эртний Паубло нарын үүсэл гарлын домог их сонирхолтой сонсогдож байлаа. Домогт өгүүлснээр бол тэд зовлон зүдгүүр үзсэний улмаас сайн сайхан амьдрал хайж доод 4 тивийн нэгээс нөгөөд шатлан мөлхөж дамжсаар газар дээр гарч ирсэн гэх бөгөөд гарч ирсэн нүхэн хаалгаа билэгдэж ямарч байр сууц хийсэн өрөө болгоныхоо хойд хэсэгт “sipapu” гэж нэрлэдэг жижиг нүх заавал гаргадаг уламжлалтай байжээ. 
Харамсалтай нь уг паркийн нийт ойн 67 хувь нь шатаж устсан нь паркийн эртний “үзэмжинд” эрс нөлөөлсөн гэнэ. Эргээд хуучин хэвэндээ ороход 400 жил шаардлагатай гэж тайлбарлаж байв.


Үзэх гол зүйлс:
- Аялагчдын төв. Паркийн тухай мэдээлэл, газрын зураг, гар урлалын үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр. Мөн эндээс паркийн аяллын билетүүдийг /тайлбартай 3 аялал байдаг бөгөөд аялал тус бүрт наснаас үл хамаарч хүн бүрийн 3 доллар/ худалдаж авна. 
- Chaplin Mesa музей. Паркийн тухай кино, үзэсгэлэн, номын дэлгүүр. 
- Аялагчдын төвөөс Wetherill Mesa болон Chapin Mesa /цаашаа Mesa Top Loop, Cliff Palace Loop үрүү сална/ хэсэг 2 зам сална. Wetherill Mesa-д ирснээр аяллын билетийн худалдан авсан хүмүүст задгай автобус үнэгүй үйлчлэх бөгөөд энэ хэсэгт Long House тайлбартай /ranger guided/ аялал, Step House барилга /билет авах шаардлагагүй/ болон авобусны зогсоол бүрд бууж эртний паублочуудын байгууламжуудыг үзэж болно.

Chapin Mesa хэсэгт 1 өдөрт зөвхөн нэгийг нь үзэхийг зөвшөөрдөг Cliff Palace, Balcony house тайлбартай аяллууд, Spruce Tree House /билетгүй/ болон Sun Temple, Pithouse зэрэг үзэх газрууд байгаа. Бидний хувьд Long House, Balcony House-уудыг үзсэн. Balcony House, Cliff Palace тайлбартай аяллаас /ерөнхий бүтэц нь ойролцоо тул нэгийг нь л үзэхээр шийдсэн/ сонгохдоо хүүхдүүддээ аль нь зугаатай байхаар бодож хамгийн өндөр, олон шаттай, хонгилоор мөлхөж хүрлэг зэргийг нь бодолцож Balcony House-ыг сонгож үзсэн. Харин энэхүү паркийн билэг тэмдэг болсон Cliff Palace-ыг хэд хэдэн харах цэгүүд дээр нь зогсож зураг авсан.

Цаг байгаа бол:
Хэдийгээр паркийн ихэнх үзэх газрууд машины зогсоолоос холгүй байрладаг ч 1, 2 бээр явган аяллууд хийх боломжтой. Мөн паркийн Far View Lodge зочид буудлаас өглөө 4 цагийн, үдээс хойш 3.5 цагийн автобустай аялал зохион байгуулагддаг юм билээ. Билет нь том хүний 45, 35 доллар байсан байхаа.  
Хамгийн таалагдсан нь: 
- Mesa Top Loop зам дахь Navajo Canyon View цэгт нэлээд сүртэй хадан хавцал уруу харах болно.

- Үзэх газруудаасаа нэлээд зайтай байрладаг ч байршил болон тохижилт сайтай /усанд орох олон өрөөнүүд, дэлгүүр гэх мэт/ аялагчдын буудалтай. 

Анхаарах зүйл:
Бид зун очсон болохоор нэлээд халуун байсан шүү. Аялалдаа гарахдаа уух зүйлээ ахиухан аваарай. Гэхдээ усны саваа дүүргэх газрууд замд хэд хэд байсан.
Паркийн сонин дээр мэргэжлийн хулгайч майхан, машин дотроос юм хулгайлж магадгүйг сануулсан байсан нь их содон санагдсан.


Four Corners Monument 
/www.utah.com/playgrounds/four_corners.htm/


Бид Америкийн 4 corners буюу 4 мужийн 
/Utah, Colorado, New Mexico, Arizona/ уулзвар цорын ганц цэг хэсэг дээр зогсож зургаа авахуулахыг хүсч байсан тул энэ удаа хэрэг гарган зорьж очсон билээ. Mesa Verde паркаас урагшаа хөдлөөд Monument Valley орох замдаа хэсэг зогсож амраад хөдлөх төлөвлөгөөтэй байсан ч орой хаадаг болохыг мэдээгүйгээс, ер нь хаалгатай ч гэж бодоогүйгээс 1 цагаар хоцорч очсон тул буцаж ирэхээс өөр аргагүй болсон юм. Энэ хавьдаа хоноглоод үзэх гэсэн боловч 100 бээр дотор хоноглох хот /1 жижиг тосгон л тааралдсан/, ямар ч үйлчилгээний газар байхгүй тул өнгөрч яваад дараа нь буцаж ирж таарсан юм. Гэхдээ цаг зав, бензин тосоо үрснийх буцах замдаа Ютагаар дайрч Mexican Hat гэдэг алдартай хадыг үзсэн. 




 Four Corners Monument-ын цагийн хуваарь нь: 
6-9 сарын хооронд 7 am - 8 pm
10-5 сарын хооронд 8 am - 5 pm 
Орохдоо хүний 3 доллар төлж орсон бөгөөд 4 мужийн уулзвар цэгийг тэмдэглэсэн дурсгалын хажууд 4 мужийн тугыг тэнд амьдардаг уугуул Америкчуудын омгийн тугны хамтаар байрлуулсан байлаа. Мөн эргэн тойронд нь уугуул иргэд хоол хүнс, бэлэг дурсгалын зүйлс борлуулж байсан. Америкийн 4 муж улсын нутагт нэгэн зэрэг “байхын” тулд энд хүрэлцэн ирсэн аянчид дугуй тэмдэгт цэг дээр 4 хөллөж, хэвтэх зэргээр дурсалын зураг даруулж байв. 


Monument val
ley
Энэ нь уугуул америкчуудын /тэднийг индиан гэж нэрлэхэд дургүй юм билээ/ эзэмшлийн нутаг дэвсгэр бөгөөд нэлээд олон кино, түүний дотор вэстэрн кинонуудын зургийг авсан газар юм. Зам муутай, аяллын буудал нь амрагчдад зориулсан үйлчилгээ бараг байхгүй /явуулын жорлонтой/ байсан. Аялагчдын очдог цэгүүдэд Монголын хар захыг санагдуулсан лангуунууд байх бөгөөд тэнд нь хүдэр чийрэг индиан залуучууд юм зараад зогсч байх юм. Тэднийг дэмжээд бас хүмүүст үзүүлж сонирхуулахад зүгээр болов уу гээд янз бүрийн чулуугаар хийсэн чимэг зүүлтүүдийг бэлгэнд хэдийг авсан. Зарим худалдаачид чулууны билэг тэмдэг, өөрсдийн домог түүхээ сайхан тайлбарлаж өгч байсан. Гэхдээ зарим нэг нь өөрсдийгөө хийсэн гээд хятадад үйлдвэрлэсэн эсвэл дэлгүүрт зардаг бэлэг дурсгалын зүйлүүдийг тэр чигээр нь эсвэл бага зэрэг өөрчлөөд илүү үнээр зардаг юм билээ. Ер нь энэ хавийн уугуул нутгийнхны эзэмшил газрууд үржил шим муутай /цөл/ байр байшинг нь харахад амьдрал нилээд доройд болох нь нь илт мэдэгдэж байлаа. Саяхан ашгийн бус байгууллага удирддаг нэг найз маань холоос ирж оролцож чадахгүй тул намайг оролцоод мэдээллийг нь явуулаач гэж хүссэний дагуу уугуул америк залуучуудад зориулж үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулсан семинарт сууж үзсэн юм. Тэнд хэлэлцэгдэж байгаа асуудлын ихэнх нь архи, хар тамхинаас залуучуудыг гаргах, хол байлгах, өвөг дээдсийн соёл уламжлалаа үлдээх гэсэн хэцүүхэн асуудлууд голлож байгааг хараад бидний багадаа үзэж байсан кино дээр гардаг эрэлхэг зоригтой Индианчуудын маань дүр төрх үндсээрээ өөрчлөгдсөнийг ойрхноос сонсож харамсах сэтгэл төрж байлаа. 
Үзэх гол зүйлс:
- Аялагчдын төв. Паркийн тухай мэдээлэл, газрын зураг, гар урлалын үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр. - Valley Loop Drive. 17 бээр зам. Үүнээс 13 бээрийг нь нэг урсгалаар /loop/ тойрно. Дунджаар 15 бээрийн хурдтай явж ойролцоогоор 2-4 цаг зарцуулна гэж  төлөвлөөрэй. 
Цагийн хуваарь нь Зун /5-9 сарын хооронд/ өглөөний 6-аас орой 8:30, бусад саруудад өглөөний 8-аас орой 4:30 хүртэл. Энэ замд 11 гол зогсоол дээр The Miitens and Merrick Butte, Elephant Butt, 3 Sisters, John Ford’s Point, Camel Butte, The Hub, Totem Pole and Yei Bi Chei, totem pole and sand Springs, Artist’s Point, North Window, The Thumb зэргийг үзнэ. 

Цаг байгаа бол:
Wildcat Trail гээд 3.2 бээрийн явган аяллаар Wild Mitten Butte-г үзэх боломжтой. 

Анхаарах зүйлс: 
Ер нь эзгүй цөл гэж ойлгоход болно. Ганц том буудал, үйлчилгээний төвийг эс тооцвол үйлчилгээний газар, бензин түгээгүүрийн газар байхгүй гэхэд болно. Мөн газар сайгүй үнэгүй авдаг үйлчилгээг авахын тулд энд мөнгө төлнө гэж тооцоолоорой. Хоол авсан газраасаа халуун ус авахад ч мөнгө авч байсан. 
Таалагдсан нь  
- Уугуул нутгийхний үндсэн хоолыг амсаж үзэх боломж энд олдоно. Бид нар тэдний алдарт fry bread буюу шарсан талхыг нь идэж үзсэн. Харин манай хүн амт муутай гамбир шиг амттай юм байна гэдэг дүн тавьсан.- Алдарт The Mittens буюу Бээлийнүүд хад. Би энэ хадны зургийг өмнө нь харж байхдаа Snail /эмгэн хумс/ шиг хад байна гэж бодож байсан ч өөрөө ирж байж л үндсэн нэрийг нь мэдэж авлаа.

 Үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment