Memphis хот /Tennessee/
Бидний
аялалын замд дайрч өнгөрсөн хотуудын талаар өөр бусад нэмэлт мэдээлэл
олж авъя гэвэл тэнд амьдардаг монголчуудаасаа илүү мэдээд авах боломжтой
тул дэлгэрэнгүй бичихийг төвдсөнгүй.
Арханзас
мужаас хөдлөөд 40-р замаар давхисаар Мемфис хотод ирлээ. Энэ хотыг
зорин очиж үзэхээр эртнээс төлөвлөсөн гурван газрын нэг нь Мартин Лютрих
Кингийн дурсгал /түүний буудуулсан зочид буудал дахь музей - National
Civil Right Museum/, нөгөөдүүл нь мэдээжийн хэрэг Элвис Прэслитэй
холбоотой 2 газар: Тухайлбал алдарт Пресли ая дуугаа бичүүлж нэрд гарсан
Sun studio, нөгөө нь түүний нас бартлаа амьдарч байсан Graceland ордон
билээ.
Мартин
Лютрих Кингийн дурсгалын газрыг үзэж сонирхон зураг хөрөгөө даруулаад
цааш хөдлөн Америкийн Рок’н ролл-ийн анх мэндэлсэн өлгий нутаг гэж үздэг
Sun studio /www.sunstudio.com/ орлоо. Тэнд цаг хагас үргэлжлэх
хөтөлбөртэй /5-12 насны хүүхэд үнэгүй, том хүн 12 доллар/ байсан ч бага
насны хүүхэд /5-аас доош насны/ тур-д оруулдаггүй юм байна. Бид бага
хүүгээ орхин орох аргагүй тул музей маягаар тохижуулсан жижиг
кафетери-бэлэг дурсгалын дэлгүүрт ус ундаа авч суунгаа эргэн тойрныг
сонжин нүд хужирлаж хэдэн зураг дараад Graceland /www.elvis.com/graceland/ руу хөдлөв.
Элвис
Преслигийн сууж байсан ордон нь манай хүүхдүүд болон хамт явсан ахын
маань сонирхолыг гойд татахгүй байсан тул тэднийг паркт түр орхиод нөхөр
бид 2 тэр хот дундуур хэсэг зугаалав. Хотын энэ хэсэг бүхэлдээ Элвис
Преслигээр амьсгалдаг гэж хэлж болно. Хаа сайгүй түүний зураг хөрөг,
бэлэг дурсгалын дэлгүүрүүд.
Хамгийн гол үзвэр бол Graceland-тур
буюу түүний амьдарч байсан ордон болон тэр хавийг хөтөчийн
тайлбартайгаар үзэх төдийгүй Прейслигийн хувийн 2 онгоцны дотор орж /нэг
нь охиныхоо нэрээр нэрлэсэн/, мөн түүний машины музей болон түүнд
зориулсан үзэсгэлэн, музейг үзэх тур юм. Билетийн үнэ нь $35, ААА-ийн
гишүүний хямдралтайгаар бол $31.50 байлаа.
Жил
бүр 1-р сарын 8-д Прейслигийн төрсөн өдрөөр Graceland-аас төрөл бүрийн
үйл ажиллагаа зохиогддог тул тэр үеэр Мемфис хот Рок’н ролл-ын хааныг
шүтэн бишрэгчдээр дүүрдэг гэсэн. Монголоос ирсэн найздаа эндээс онцлон
дурсгалын зүйл худалдаж аваад бидний аялалын зам цааш үргэлжиллээ.
Нашвилл хот. /Tennessee/ Энэ
хотыг Америкийн каунтри хөгжмийн өлгий гэдгийг та бүхэн мэдэх байхаа.
Их үзэмжтэй тав тухтай сайхан хот байна лээ. Америкийн хөдөө орон
нутгийн гаралтай ая дууны урсгал буюу Каунтри чиглэлийн дуу хөгжим
сонирхдог хүмүүс “Country Music Hall of Fame and Museum”
/www.halloffame.org/ гэдэг алдартай музейг үзэхээр энд зориуд зорин
ирдэг. Үнэ нь томчууд - $19.99, 6-17 настай хүүхэд -$11.95, бага насны
хүүхэд үнэгүй. Мөн тусгайлсан турын илүү үнэтэй билетүүд байсан. Эндээс
цаашаа бид 2 өөр чиглэлийн аль нэгийг сонгож явах хэрэгтэй болсон. Нэг
нь Kentucky муж орж Mammoth Cave NP үзэх, мөн манай том хүүгийн
хүссэнээр жинхэнэ “Kentucky style” шарсан тахиаг нутагт нь идэж үзэх,
нөгөө нь Tennessee мужийн Appalachian уулс дахь Great Smoky Mountain NP
парк очих 2 байлаа. Үүнээс цаг хугацаагаа тооцоолж үзээд, замаасаа
хазайхгүйгээр нь Tennessee мужаараа дахихаар нь шийдлээ.
Great Smoky Mountain NP, Tennessee
Appalachian
уулс дахь энэхүү паркт Tennesseе төдийгүй ойр хавийн мужуудаас хүмүүс
их ирдэг нэлээд хөлийн газар юм байна. Уг парк руу орох зам дээр байрлах
амралтын жижиг хот Pigeon Forge-д үзэх сонирхох зүйл бишгүй таарна. Энд
уруу нь харуулаад хөрвөөчихсөн хэлбэртэй барьсан байшин, Титаник усан
онгоцыг дурайлган хийсэн том барилга зэрэг онцгой сонин содон ресторан,
зочид буудал, хоолны газар, томчууд, хүүхдүүдэд зориулсан үзвэр
үйлчилгээний газрууд маш олон, дээр нь Dolly Parton-ийн /контри хөгжмийн
алдартай дуучин эмэгтэй/ эзэмшлийн Dixie Stampede Dinner and Show
театр, Dollywood гэдэг зугаа цэнгэлийн парк байрлажээ.
Pigeon
Forge буюу монголчилбол “Дархан тагтаа” хэмээх энэ хот Great Smoky
Mountain парк болон өвөлдөө цанын баазад амрахаар ирж байгаа газар
газрын жуулчид аянчдыг ая тухтай амраахын зэрэгцээ юм үзүүлж, тоглуулж,
идэж уулган элдвээр зугаацуулан овоо юм салгаад үлддэг “сэргэлэн” хот
бололтой. Дархан цаазат паркийн дэргэд юм юмтай иймэрхүү хот байдагтай
өмнө нь ер тааралдаж байсангүй.
Бид
оройтож очоод аялагчдын талбайд майханаа барих боломжгүй болсон тул
хотын нэгэн буудалд хоног төөрүүлээд өглөө эртлэн парк руу хөдлөв. Эрэлт
ихтэй учраас буудлуудын үнэ ханш нь овоо үнэтэй юм билээ. Том хүү маань
Калифорн мужийнхаа үзэсгэлэнт паркуудтайгаа харьцуулан Great Smoky
Mountain паркийг үзэх юм багатай гэж “голсон” хэдий ч хамгийн өндөр цэг
Clingmand Dome руу алхан цамхаг дээр гарч сэтгэл татам маш сайхан
цэнхэртсэн уулсыг /уугууд америкчуудын өгсөн нэр нь "утаа шиг цэнхэртсэн
уулс"/ харж зогсоход үнэхээр бахдам сайхан байлаа.
Тэнд бас
паркийн музей үзлээ. Уугуул иргэдийн амьдрал ахуй аж байдалтай холбоотой
үзмэрүүдийн дунд богино боловч монгол хууртай тун төстэй хөгжмийн
зэмсэгийг олж хараад зургийг нь дарсанаа сонирхуулая Маш халуун, бүгчим
өдөр байсан тул том жижиг хүрхрээтэй, загас барих, тохилог усанд сэлэх
газрууд нь хүүхдүүдэд их таалагдсан. Том хүү маань бүр өндөр хадан
дээрээс үсэрч ороод сэлсэн гэж байгаа.
Washiington D.C
Нийслэл
хотод Монголоос ирэх аав, ээжтэйгээ нийлээд нийтдээ 8 хүн 8 хонохоор
төлөвлөж байсан тул байрлах байрны асуудалд хамгийн их санаа зовж байсан
юм. Сакраментод байхдаа өмнө нь имэйлээр танилцсан, Ди Си-д амьдардаг
Сараа руугаа имэйл, утсаар харилцаж зөвлөгөө авч байгаад аятайхан газар
олсон. Цаг зав гаргаж мэдээллээр тусалсан Сараадаа их баярласан шүү.
ДиСи-ийн төвөөс урдхантай 17 бээр зайд байрлах Pohck Bay паркийн
аялагчдын буудалд кабин хөлсөлсөн нь бидэн шиг бөөнөөрөө яваа хүмүүст
тохиромжтойн дээр дуртай үедээ хоол ундаа хийж идэх боломжтой тун зүгээр
сонголт болсон.
Хажуудаа усан парктай тул хүүхдүүд өнжихөөрөө
тэнд очиж усаар тоглоод /буудалласан хүмүүсдээ хямдралтай үйлчилдэг/
зугтаатай байсан. Уг нь 1 кабинд 6 хүн байрлахыг зөвшөөрдөг ч гайгүй
орлого оруулж байгаагаа далимдуулаад бага зэргэг дүрэм зөрчсөн тал бий.
Энэ парк болон Виржина мужийн бүсийн бусад паркуудын талаар мэдээллийг
www.nvrpa.org сайтаас олж авч болох ба мөн онлайнаар ч захиалга өгч
болох юм билээ. Мөн энэ паркад бид зөвхөн кино дээрээс үзэж байсан
Firefly гэдэг гэрэл гаргаж нисдэг шавьжийг анх удаа харцгаасан.
ДиСи-д
бидний гаргасан нэг алдаа бол хотын төвд машины зогсоол, гараж гайгүй
элбэг олддогыг мэдээгүйгээс болж машинаа орхиж метрогоор явахаар аялагч
болгондоо 7 хоногийн билет худалдаж авсан нь шал дэмий “шаталт” болсон
билээ. Иймд ялангуяа том хотод очихдоо замын хөдөлгөөн, машины зогсоолын
талаар өмнө нь судлаж тэндхийн монголчуудаасаа лавлаж асуух нь
илүүдэхгүй аж.
Вашингтон
хотноо бид Далай багшийн Дүйнхэр бурханы авшиг, хурал ном, хичээлд 6
өдөр сууцгаав. Энэхүү том хуралд Монгол орчуулга хийсэн Сакраметогийн
Занабазар төвийн Дамчаа гуай, Баасандорж хоёроороо би их бахархсан шүү.
Сайн орчуулга, дээр нь энгийн ойлгомжьой тайлбарыг чихэвчээр эх хэлээрээ
сонсох боломжтой байсанд манай 2 хөгшин олзуурхан тун дуртай байлаа.
Музейнүүд,
зоопарк, хотын дурсгалт газруудаар нилээд явж гүйцээсэн дээ. 1300
Pennsylvania Ave. NW дахь Роналд Рейгений барилгад байрлах D.C Visitor
Center аялагчдын төвөөс хэрэгцээтэй бүх газрын зураг, танилцуулга
мэдээллийг авах боломжтой. Old post office болон Washington monument
/Монголчуудын нэрлэдэгээр харандаа/дээрээс хотыг харцгаасан. Хүүхдүүдэд
болон аав, манай нөхөр Мандад маань диназавр, амьтан, агаар сансрын
холбогдолтой музейнүүд хамгийн их таалагдсан. Америкийн түүхийг албан
ёсоор судлаагүй над шин хүнд Lincoln, Vietnam Veterans, Korean war,
Franklin Delano Roosevelt, Word War II Memorial-уудад хуваарийг нь харж
байгаад рэнжер хөтөчтэй программуудад нь орж сонсож үзвэл сайхан хөшөө
дурсгалуудыг үзэхээс гадна түүхийн талаарх мэдлэгийг гайгүй дээшлүүлээд
авах боломжтой юм билээ. Хэрэв
орон нутгийн сенатын гишүүдтэйгээ холбоо барьж нийслэлийг үзэхээр
төлөвлөж байгаагаа мэдэгдвэл туслахууд нь Конгрессийн ордон /Capital/
болон Цагаан ордонд орж үзүүлэх тур зохион байгуулж өгдөгийн дээр гишүүд
завтай үедээ өөрсдөдөө гарч ирж ярилцдаг гэж уншиж байсан юм байна.
Харин гадаадын иргэд бол элчин сайдын яамандаа хандах ёстой гэсэн. Бид
дотор нь орж үзээгүй. Манай хөгшид гадна нь зургаа авахуулаад л сэтгэл
ханацгаасан.
Бид
бас Далай багшаас адис авшлаг авсан төдийгүй Монголоос болон Америкийн
өөр бусад хотуудаас ирсэн лам нарыг Ди Сигийнхэсэг монголчууд зохион
байгуулж наадмаар цайлахад Занабазар төвийн хоёр ламынхаа хамт орж
цугтаа хооллосон төдийгүй номын дууг нь сонсоод авсандаа их бэлэгшээсэн.
Мөн миний нийтлэлийн уншсанаар эчнээ танилцаж зүс зүсээ хараагүй ч
утас, мэйлээр харилцдаг нэг гэр бүл ДиСид нүүж очсон байсантай таарч
биечлэн танилцсан билээ. Хол зам туулж аяншиж яваа биднийг наадмаар
гэртэй урьж цайл хоол болж наадмын талаар чих тавьж байсан аавд маань
болон бидэнд баярын сонинг дэлгэсэн Дашдондог, Туул нартаа их
баярласанаа энд бас онцлон дурдмаар байна.
|
No comments:
Post a Comment