Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

2020 ондоо

Та бүхэндээ шинэ он, шинэ арвандаа эрүүл энх, сэтгэл санаа, үг хэл, үйлдэл тань улам эерэг байхын елзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье! 
Амьдралаа улам эерэг болгох талаар John Tierney, Roy F. Baumeister нарын бичсэн эссэнээс авсан санаануудаа та бүхэнтэйгээ хуваалцая.
1/ Муу үйл бүү хий. Бид бүхэн гэр бүл, бусдад зориулж хийсэн зүйлээсээ ихээхэн сэтгэл ханаж авдаг. Харин муу үйлээс холуур тойрч чадах нь сайн үйл хийхээс ч илүү чухал гэдгийг бид биендээ, үр хүүхэддээ сануулж явах ёстой санагдана. Ялангуяа бусдаас үг хэл, үйлдлээр өшөө авах, хорлох, хараахыг зөв зүйтэй гэж сурталчлах орчин үеийн түгээмэл соёл, уур амьсгалийн эсрэг үр хүүхдүүддээ хэлж ярих нь бидний үүрэг. Өөртөө чинь адил бус бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, уужуу, тэвчээртэй байж сурах нь муу сэтгэл, муу үгс үүсэх боломжийг хаадгийг хожуухан нь ч гэсэн миний бие ухаарч ойлгосон билээ.
2/ 4-ийн дүрэм: 1 муу үйлийг 4 сайн үйл хаана. Гэр бүлд гарсан нэгхэн зөрчил, хамт ажилладаг хүний гаргасан ганцхан муухай ааш, хэрэглэгчийн чинь бичсэн нэгхэн сөрөг коммент нь хичнээн олон зүйлийг сайхан зүйлийг дарж, унагаадаг билээ. Аливаа сөрөг зүйл сайнаасаа 3 дахин илүүтэй хүмүүст нөлөөлдөг нь батлагдсан зүйл. Өөрөөр хэлбэл хүн л юм хойно санамсаргүй, санаатайгаар 1 муу үйл хийсэн бол 4 сайн үйл хийж байж сөргийг зайлуулахыг хичээхнээ. 1 удаа хүнийг муугаар ярьсан бол 4 магтаал, 1 муухай мэдээ олж уншсан бол 4 сайхан мэдээ унших, 1 өдөр муу ажилласан бол (миний хувьд 1 өдрийн зугаа цэнгэл/аялал) 4 өдөр нь сайн ажиллах, 1 үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжгүй гаргасан бол 4-т нь сайн үйлчлэхийг хичээх гэхчилэн хэрэгжүүлэх боломжтой.
3/ муухай дурсамжийг сайнаар ашиглах.
Хүний амьдралд тохиолдсон муу зүйлс санаанд орж ирж бухимдал, харууслыг байн байн төрүүлэх нь бий. Харин үүнийг өөрийгөө болон бусдыг зоригжуулах, хэлж сургах хэрэгсэл болгож хувиргах боломжтой. Торгууль шийтгэл нь хүүхэд, сурагчид, ажилчдыг магтаал, шагналаас илүүтэй сайжруулдгийн адилаар өөрийн гаргасан алдаа мадаг, сөрөг тохиолдлоо өөрийгөө улам сайжруулах зүтгэх, хүүхэд залуучуудад хэлж ярьж тэднийг бэрхшээл саадыг давах урам зориг өгөхөд ашиглаарай.
Дашрамд дурдахад хүүхдийг өөртөө итгэлтэй болгох, сэтгэлээр унагаахгүйн тулд сайн ч байсан, муу ч байсан үнэнээр нь хэлж сануулж, шүүмжилж, “торгож” байхын оронд байнга магтаж байх ёстой гэсэн self-esteem movement буруу, маш хор холбогдолтой байсныг дэлхий дахинаа нотлогдсон гэдгийг монгол эцэг эхчүүд минь анхааралдаа аваарай. Байнга хоосон магтаалд өссөн хүүхдүүд коллеж, амьдрал дээр гараад алдаагаа засч сайжруулахад суралцаагүй тул сэтгэл санааны хүндрэлтэй тулгарч ирдэг. Мэдээж хэрэгтэй үед нь хүүхдэд урам өгөх тухай энэд би хэлээгүй билээ.
4/ амьдрал чинь тохиолдсон баяр баясал, сайн сайхан зүйлсээ улам өнгөлж тодотгож, байнга эргэн дурс. Марк Твэний бичсэнээр “Баяр баяслыг бүрэн дүүрэн амтлахын тулд чамтай үүнийг хуваалцах хүн байх ёстой” билээ. Үнэхээр бидний өмнөөс үнэн сэтгэлээсээ баярладаг хүнтэй баяр баяслаа хуваалцах нь биднийг үнэхээр аз жаргалтай болгодог билээ. Ингэж хуваалцсан баяр баясал улам илүүтэй сэтгэлд үлдэж, байн байн санаанд орж ирж сэтгэлийг хөөргөх бөлгөө. Судалгаагаар ахимаг насныхны дунд жижиг сажиг зүйлд байнга санаа нь зовж явдаг хүмүүсээс амьдралдаа тохиолдсон сайн сайхан зүйлийг үнэлж дурсаж явдаг хүмүүс нь илүүтэй сэтгэл хангалуун, аз жаргалтай гардаг.
5/ аливааг өргөнөөр хар. Хүн төрөлхтөний аж амьдрал өмнөхтэй нь харьцуулахын аргагүй сайжирсан нь ч сэтгэл ханамж нь ямагт буурсаар байгаа билээ. Өдөр тутмын сөрөг зүйлийг олж уншиж, үзэж харж, дагаж байхаар аливаа хөгжил, цэцэглэлт, дэлхий дахины сайн сайхан зүйлсийг өргөнөөр харахыг хичээх нь ерөнхий сэтгэл санааг илүүтэй амар тайван болгох аж. Өөрсдийн сошиал хүрээгээ нэг сайн хараарай. Дандаа мууг ярьж, мууг мэдээлдэг найз нөхөд, FB группээсээ сал, гар. Хүн бүр дор дороо, эсвэл нэгдэж сайн сайхныг бодож хийж байхад хүмүүний амьдрал өдрөөс өдөрт сайжирч дээшлэн дэвжих жамтай.

No comments:

Post a Comment