Этник групп дотор хүүхдүүд ямар зүйлээс сурах мэдлэг үрүү тэмүүлэх эрмэлзлээ илүүтэй авдаг талаар өмнө бичиж байсныг залуу эцэг эхчүүд маань олж харсан нь лавтай. Үүнийг үргэлжлүүлье.
Яагаад эцэг эхийн хүлээлт ингэж ази хүүхдийн сурах эрмэлзэлд нөлөөлдөг вэ гэж бодож үзэхэд сэтгэл судлалын эрдэмтэн Даниал Голмен үүнд хариулчихсан санагддаг. Тэрээр “Сэтгэлийн Чадамж” номондоо үргэлж ингэчих вий, тэгчих вий гэх хэт санаа зовнил, бодол нь оюун санааг бүрхэгдүүлж нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх, анхаарлыг төвлөрүүлэх, зөв сонголт хийхэд саад учруулдаг. Харин өөрийн сэтгэл санаагаа удирдаж чаддаг хүмүүс санаа зовнилоо ашиглаж өөрийгөө эрчимжүүлж тест, шалгалт гэхчилэн санаа зовсон зүйлдээ амжилт гаргаж чаддаг гэжээ. Сэтгэл судлалын сонгодог ном сурах бичигт сэтгэл зовнил, аливаа зүйлийн гүйцэтгэлийн хооронд урвуугаа харсан “U” хамааралтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл урвуу “юү” үсгийн орой дээр сэтгэл зовнил, гүйцэтгэл 2 хамгийн оптимал буюу хамгийн тохиромжтой нийцэлд байна гэсэн үг бол эхний өгсүүр хэсэгт бол санаа зовнил хэт бага байснаас хангалттай хэмжээнд түлхэц өгөхгүй байгаа бол, урвуу хэсэгт хэт их санаа зоволт нь сайнаар гүйцэтгэх чадварыг үгүй хийж эхэлсэн гэсэн үг байх нь. Нөгөө талаас сэтгэл санаа сайхан байх үед уян хатан, нарийвчлан сэтгэх бодох чадвар нэмэгдэж аливаа асуудлыг шийдлийг илүүтэй амар олдог. Тэгээд ч сэтгэл санаа эерэг үедээ хүн зоригтой, өөрийгөө түлхсэн шийдвэрүүдийг гаргадаг нь үнэн билээ. Канзасын их сургуулийн Снэйдар хэмээх профессорын судалгаагаар оюуны ойролцоо чадавхтай оюутнуудын дүн нь тэдний итгэл найдвар нь аль зэрэг байгаагаас хамаарч ялгагдаж байсан ба итгэл найдвар өндөртэй оюутнууд өөрсдөдөө өндөр зорилтыг тавьж, түүндээ хүрэхийн тулд яаж ажиллаж хичээх ёстойгоо мэддэг байжээ. Тэрээр итгэл найдварыг “өөртөө тавьсан ямар нэгэн хүсэл зорилго, түүнийг биелүүлэх өөрийн чадвартаа итгэх” гэж тодорхойлжээ. Итгэл найдварын адилаар “Оптимизм” гэдэг нь саад бэрхшээлээс үл хамааран бүх юм зүйл гайгүй болно гэсэн хүлээлт юм. Үнэхээр оптимист буюу юмыг гэгээлгээр хардаг хүмүүс ерөнхийдөө сэтгэлийн зовнил, уналтанд бага автагдаж амьдрал дахь зорилгодоо эвийг нь олоод хүрэх гэж тэмүүлдэг билээ. Хүн итгэл найдвартай байх, юмыг өөдрөгөөр харах чадваруудыг нийлүүлээд self-efficacy буюу амьдралд аливаа асуудал бэрхшээл тулгарахад хүн өөрөө хичээвэл шийдэж чадна гэсэн итгэлийг хэлэх ба хэдийгээр энэхүү итгэл нь хүнд өөр өөр байх ч хүнд суулгах боломжтой гэж үздэг. Хэрэв хүнд энэхүү итгэл үнэмшил байвал алдаж оносон нь ч буцаад босох чадвартай, тухайн асуудлыг шийдэхдээ яаж буруу тийшээ эргэчихвол гэж санаа зовохын оронд харин асуудал тулгарвал яаж шийдвэрлэх вэ гэдэг өнцгөөс хардаг гэж Станфордын проффессор Албэрт Бандура бичжээ. Учир нь хүний чадварын хэмжээ нь өөрчлөгдөх хэмжигдэхүүүн бөгөөд хүнээс гарах чадварын хэмжээнд олон зүйл, түүний дотор хүний өөртөө итгэх итгэл нь чухал нөлөөллийг үзүүлдэг аж. Тэгэхээр урам зориг, тааламжтай байдлаас үүссэн сэтгэл хөдлөл, тохирох хэмжээний сэтгэл санааны зовнил нь биднийг амжилт уруу түлхэх чадвартай аж. Иймээс эцэг эх хүүхдэд эрдэм номондоо амжилт гаргана гэж шаардлага, хүлээлтийг үүсгэснээр нэгд хүүхдэд зохих хэмжээнд сэтгэл санааны зовнил, санаа зоволтыг үүсгэж хүүхдэд оптимал үр дүн гаргахад түлхэж өгдөг, хоёрт хичээж, зүтгэвэл хэн ч сайн сайхан зүйлд хүрэх боломжтой гэсэн өөдрөг үзэл, итгэл найдвар өгсөнөөр хүүхдийн ирээдүйн ажил, амьдралд нь томоохон нөлөөлөл авчирдаг чухал сэтгэлийн чадамжийг суулгаж өгөхийн хамт хүүхэд үүндээ дөрөөлөөд чадвараа сайжруулаад явдаг байх нь.
No comments:
Post a Comment